БҮГД НАЙРАМДАХ БЕЛАРУСЬ УЛСЫН БАЙГАЛИЙН НӨӨЦ, БАЙГАЛЬ ОРЧИН ХАМГААЛЛЫН САЙД МАСЛЯК СЕРГЕЙ МИХАЙЛОВИЧТАЙ УУЛЗАЛТ ХИЙВ

2024.06.03

БОАЖ-ын сайд Бат-Өлзийн Бат-Эрдэнэ Бүгд Найрамдах Беларусь Улсын Байгалийн нөөц, байгаль орчин хамгааллын Сайд Масляк Сергей Михайловичтай 2024 оны 6 дугаар сарын 02-ны өдөр 2 талт уулзалт хийлээ.

📌БЕЛАРУСЬ УЛСТАЙ БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЧИГЛЭЛЭЭР ХАМТРАН АЖИЛЛАНА

Уулзалтын эхэнд сайд Б.Бат-Эрдэнэ Бүгд Найрамдах Беларусь Улсын Ерөнхийлөгч А.Г. Лукашенкогийн манай Улсад анх удаа хийж буй төрийн айлчлалын хүрээнд эрхэм сайдыг зочлон ирсэнд талархаж буйгаа илэрхийлж, хоёр Улс хоорондын тусгай хамгаалалттай газар нутаг, ойн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлэх, цаашид хамтран хэрэгжүүлж болох төсөл хөтөлбөрүүд болон байгаль орчныг хамгаалах, байгалийн нөөцийг зохистой, тогтвортой ашиглахад хамтран ажиллах чиглэлээр санал солилцов.

Түүнчлэн, 2024 оны 6 дугаар сарын 03-ны өдөр “Байгаль орчныг хамгаалах салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын байгаль орчин, аялал жуулчлалын яам болон Бүгд Найрамдах Беларусь Улсын Байгалийн нөөц, байгаль орчин хамгааллын яам хоорондын санамж бичиг” болон Аялал жуулчлалын хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Байгаль орчин, аялал жуулчлалын яам болон Бүгд Найрамдах Беларусь Улсын Спорт, аялал жуулчлалын яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг”-т хоёр талын гарын үсэг зурах ёслол Төрийн ордонд болсон бөгөөд манай хоёр Улсын байгаль орчин, аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагааны түүхэн эхлэл ийнхүү эхэлж байна.