БОАЖЯ БОЛОН ХАРЬЯА ГАЗРУУДЫН 7 ХОНОГИЙН ОНЦЛОХ АЖЛУУДЫН ТОЙМ МЭДЭЭ /2024.06.10-2024.06.17/

2024.06.18

✅ОРХОНЫ ХӨНДИЙН БАЙГАЛИЙН ЦОГЦОЛБОРТ ГАЗАРТ НУТАГШУУЛСАН ТАРВАГАНЫ ТОО ӨСЖЭЭ

Тарвага их өсөж байгаа газраас тарваганы тоо толгой нэн ховордсон газар нутагт сэлгэн нутагшуулах зорилгоор 2019 онд хоёр бүл, 2022 онд хоёр ширхэг цагаан тарвага авчирч нутагшуулжээ. Одоо 100 орчим, мөн цагаан тарвага нь долоо болж өссөн байна. Тус бүс нутгуудад судалгаа шинжилгээ хийх, хулгайн анчдаас урьдчилан сэргийлэх зорилгоор хяналтын камер байршуулж эхэлжээ.

✅СҮХБААТАР АЙМГИЙН ДАРГЬГАНГА СУМ, ГАНГА НУУРЫН ОРЧИМ 30 ГА ГАЗАРТ МОД ТАРИХ АЖИЛ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

Татам хэсгийг ойжуулснаар голын татам орчмын экосистем сэргэж ан амьтад цуглах, бичил уур амьсгал бүрдэж хүн амьтан амьдрах таатай орчин бүрдэх, өнгөн хөрсний элэгдэл багасах, хөрсний чанар сайжрах, усны чанар, нөөцөд сайн нөлөө үзүүлж эргэн сэргэх боломж бүрдэнэ. УАНС-ийн санхүүжилтээр НҮБХХ-ийн дэмжлэгтэйгээр МУ-ын Засгийн газрын хэрэгжүүлж буй АДАПТ төслөөс усны урсац бүрдэх эх болон гол, мөрний сав газрын унаган төрх, экосистемийг хамгаалах зорилгоор татмын ойжуулалтын ажлыг зорилтот 4 аймагт гүйцэтгэж байна.

✅ХӨВСГӨЛ АЙМГИЙН ЖАРГАЛАНТ СУМЫН ЖАРГАЛАНТ ХАЙРХАН УУЛАНД 15 ЯНГИР НУТАГШУУЛЛАА

БОАЖ-ын Сайд Бат-Өлзийн Бат-Эрдэнэ-ийн шийдвэрээр нэн ховор, ховор амьтныг сэргээн нутагшуулах, экосистемийн тэнцвэрт байдлыг хадгалах зорилгоор мэргэжлийн байгууллагуудтай хамтран "ЯНГИР" төслийг хоёр дах жилдээ хэрэгжүүллээ. Өнгөрсөн жил тус суманд 10 янгир нутагшуулсан ба энэ удаагийн 15 янгиртай нийлүүлснээр нэг популяци үүсэж байгаа юм.

Орон нутаг

✅УЛААН ТАЙГЫН УТХГ-ЫН ХАМГААЛАЛТЫН ЗАХИРГАА

Улаан тайгын Байгаль хамгаалагчид олон чиглэлд гүний хяналтаар ажиллаж байна. Онцолбол Тэнгис-Шишгэдийн БЦГ-ын Ногоон голын хяналтын ажлын олон жилийн хүчин зүтгэл, хамгааллын үр дүнд алт ухагдаж байсан газар нөхөн сэргэж, зэрлэг амьтан элбэг, тухтай орчин бий болсон. Ингэснээр зөрчилгүй, тайван газрыг шинээр байгуулагдаж буй Тэнгис-Шишгэдийн БЦГ-ын хамгаалалтын захиргаанд хүлээлгэн өгч байгаа юм.

✅ ХАНУЙ ГОЛЫН САВ ГАЗРЫН ЗАХИРГАА

“Нээлттэй засгийн түншлэлийн долоо хоног -2024” арга хэмжээг “УУР АМЬСГАЛ БА БАЙГАЛЬ ОРЧИН” сэдвийн хүрээнд Цогт Хунтайжийн талбайд зохион байгуулав. Үйл ажиллагаанд Булган аймаг дахь Төрийн цахим үйлчилгээний хэлтэс, Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Хануй голын сав газрын захиргаа, Сэлэнгэ голын сав газрын захиргаа, Хүнс, хөдөө аж ахуйн газар, Мал эмнэлгийн газар, Ус, цаг уур, орчны шинжилгээний төв зэрэг байгууллагууд салбарынхаа бодлого, чиглэл үйл ажиллагааг сурталчилж оролцлоо.

✅ОТГОНТЭНГЭРИЙН УТХГ-ЫН ХАМГААЛАЛТЫН ЗАХИРГАА

Отгонтэнгэр хайрхны өвөр хэсгийн автомашины хөдөлгөөнийг хязгаарлах хэсэгт шинээр байгаль хамгаалагчийн пост, амрагчдад зориулсан ширээ сандал хийж, нэвтрэх цэгийн өнгө үзэмжийг сайжруулах ажлыг хийж гүйцэтгэв. Мөн Отгонтэнгэр хайрханд байрлуулсан цаг агаарын станцын мэдээг авч ажиллалаа.

✅БУЙР НУУР-МЭНЭНГИЙН ТАЛЫН САВ ГАЗРЫН ЗАХИРГАА

Байгаль орчин аялал жуулчлалын Сайдын тушаалаар байгуулагдсан Буйр нуур Халх голын сав газар, Мэнэнгийн талын сав газрын талуудын оролцооны зөвлөлийн хурлыг Дорнод аймгийн Халхгол суманд зохион байгууллаа. Зөвлөлийн хуралд Монгол улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газрын дарга, эрдэмтэд, зөвлөлийн гишүүд, ус ашиглагч аж ахуйн нэгж байгууллагын төлөөлөл, Буйр Халхын сав газрын Усны нөөцийн нэгдсэн менежментийн төлөвлөгөө боловсруулах ажлын хэсгийн төлөөлөл нийт 42 хүн оролцов.

✅ДЭЛГЭРМӨРӨН-ШИШХЭД ГОЛЫН САВ ГАЗРЫН ЗАХИРГАА

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын нутаг дэвсгэр, үерийн далан гуу жалга, усны сан бүхий газар гэх мэт камержуулалт, хараа хяналт сул газарт хог хаягдал үүсэж буй нөхцөл, хувиараа бой хийдэг иргэдийн хог хаягдлын асуудалд хяналт тавих, шалгалтын ажлыг зохион байгууллаа. Хяналт шалгалтаар гуу жалганд хог хаяж буй 2 зөрчил, зөвшөөрөлгүйгээр хайрга тээвэрлэж буй 1 зөрчил илэрснийг тухай бүрд нь таслан зогсоож ажиллалаа.

✅ УВС НУУР ТЭСИЙН ГОЛЫН САВ ГАЗРЫН ЗАХИРГАА

Хөвсгөл аймгийн Цагаан-Уул, Цэцэрлэг, Завхан аймгийн Асгат, Тэс, Баянтэс, Увс аймгийн Зүүнхангай сумуудад ажиллалаа. Иргэд олон нийтэд мэдээлэл өгч, хамгаалалтын бүсийн тэмдэгжүүлэлтийн самбар шинэчлэх, усны тоо бүртгэл хийх, хөв цөөрөм байгуулах болон булгийн эхийг хашиж тохижуулах газруудад очиж танилцлаа.

✅УВС АЙМГИЙН БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГАЗАР

“Тусгай хамгаалалттай газар нутаг дахь нутгийн иргэдэд түшиглэсэн аялал жуулчлалыг хөгжүүлэх нь”, Зэрлэг амьтдын хамгаалал, судалгаа мониторингийн үр дүн сэдвийн хүрээнд баруун бүсийн байгаль орчны салбарын байгууллагуудын уулзалт, хэлэлцүүлэг Завхан аймгийн Хомын талын Байгалийн цогцолборт газрын Тахь бааз-д боллоо

✅ИДЭР ГОЛЫН САВ ГАЗРЫН ЗАХИРГАА

Идэр гол Тосонцэнгэл сумын нутгаар дайран өнгөрөх Дархан уул Савын толгойн хавцлыг хааж 8012 м2 талбай бүхий хиймэл нуурыг үүсгэн 375 квт-ын хүчин чадалтай усан цахилгаан станц байгуулагдсанаас хойш загасны нүүдэл шилжилт хөдөлгөөн хязгаарлагдаж, тоо толгой цөөрч буйг Сав газрын захиргаа, “Чулуут тул” НҮТББ тай хамтран “Тосонцэнгэл” УЦС-ын санхүүжилтээр цэнгэг усны индикатор зэвэг, хадран загасны 50000 ширхэг жарамгайг станцын хиймэл нуурт үржүүлэх ажлыг эхлүүлж, эхний ээлжийн 12000 жарамгайг Идэр гол нуурт нийлэх цутгал хэсэгт тавилаа.

✅ДАРХАН-УУЛ АЙМГИЙН БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГАЗАР

Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрт ургадаг байгалийн нэн ховор, ховор ургамлыг түүж бэлтгэн ашигласны төлбөрийн хувь хэмжээг тогтоохоор ажиллаж байна. Тус аймгийн ургамлын аймагт 11 зүйлийн нэн ховор, 21 зүйлийн ховор ургамал тархсанаас 3 төрөл зүйл Монгол Улсын улаан номд, 5 төрөл зүйл Монголын ургамлын Улаан дансанд тус тус багтсан байдаг.

✅ХАРАА-ЕРӨӨ ГОЛЫН САВ ГАЗРЫН ЗАХИРГАА

Дархан-Уул аймгийн хэмжээнд усны сан бүхий газар, ус хангамжийн эх үүсвэрүүдэд хамгаалалтын бүс, эрүүл ахуйн хориглолт болон хязгаарлалтын бүсийг тогтоохоор хээрийн хэмжилт судалгаа, суурин боловсруулалтын ажлыг хийж иргэдийн хурлаар оруулахаар ажиллаж байна. Уг ажлын хүрээнд Дархан-Уул аймгийн ИТХ, Иргэний танхим, Дархан-Уул аймгийн Байгаль Орчин, Аялал Жуулчлалын Газар-тай хамтран хамгаалалтын бүсэд орсон иргэд, ААНБ-ын дунд сонсголын ажил зохион байгууллаа.

✅ ТАРВАГАТАЙН НУРУУНЫ БЦГ-ЫН ХАМГААЛАЛТЫН ЗАХИРГАА

Албан хаагчид хариуцсан бүс нутагтаа Ой хээрийн түймэр, байгаль орчны эсрэг хууль бус үйлдлээс урьдчилан сэргийлэх ухуулга сурталчилгаа, хяналт шалгалтын ажлыг тогтмол хийж байна. Хяналтаар Рашаант багийн нутаг Тэгшийн эхний Сайхан энгэр гэх газарт хууль бусаар мод бэлтгэсэн байсныг илрүүлэн Тосонцэнгэл сумын Экологийн цагдаад шилжүүлэв.

✅ХАР-УС НУУР ОРЧМЫН УТХГН-ИЙН ХАМГААЛАЛТЫН ЗАХИРГАА

“Тусгай хамгаалалттай газар нутаг дахь нутгийн иргэдэд түшиглэсэн аялал жуулчлалыг хөгжүүлэх нь” сэдэвт бүсчилсэн уулзалт хэлэлцүүлэгт Хамгаалалтын захиргааны дарга Б.Ганзориг Судалгаа шинжилгээ байгалийн нөөц мэдээллийн сан хариуцсан мэргэжилтэн Т.Уранбаяр нар оролцлоо.

✅ХАР НУУР-ХОВД ГОЛЫН САВ ГАЗРЫН ЗАХИРГАА

Ховд аймагт баруун бүсийн экологийн судалгааны суурин нээлтээ хийлээ. Монгол орны Баруун бүс нутгийн байгалийн нөхцөл, нөөц, биологийн олон янз байдлын өнөөгийн болон цаашдын төлөвийг экосистемийн хэмжээнд урт хугацаанд тасралтгүй судалж, тогтвортой хамгаалалт, ашиглалтыг судалгаанд суурилан төлөвлөхөд шинжлэх ухааны мэдээлэл, зөвлөмжүүдээр хангаж дэмжлэг үзүүлэх зорилгын хүрээнд ажиллах юм.

✅ ХАР НУУР-ХОВД ГОЛЫН САВ ГАЗРЫН ЗАХИРГАА

Ховд аймгийн Чандмань сумын нутагт дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа Дөргөн хатан жуулчны эко баазын үйл ажиллагаанд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийлээ. Шалгалтын хүрээнд “Усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн дэглэмийг мөрдөх журам”-ын дагуу жуулчны баазын гэр бусад орон байрыг онцгой хамгаалалтын бүсээс гаргаж байрлуулах хугацаатай албан шаардлагыг өглөө.

✅ ХАНХӨХИЙН НУРУУНЫ УТХГН-ИЙН ХАМГААЛАЛТЫН ЗАХИРГАА

Байгаль орчин,аялал жуулчлалын сайдын 2023 оны 09 дүгээр сарын 20-ний өдрийн А/456 тоот тушаалын хэрэгжилтийг хангуулах зорилгоор хамгаалалтын захиргааны ажлын хэсэг сум дундын ойн ангитай хамтран ойн цэвэрлэгээний ажлыг зохион байгуулж байна. Тус цэвэрлэгээний тендерийг зарлаж, шалгарсан 5 нөхөрлөлд Ханхөхийн нурууны БЦГ-ын Цагаанхайрхан хэсэгт 2024 оны 06 дугаар сарын 11-12 ний өдрүүдэд 25га талбайг тусгаарлан өгч ажиллалаа.

✅УМАРД ГОВИЙН ГҮВЭЭТ-ХАЛХЫН ДУНДАД ТАЛЫН САВ ГАЗРЫН ЗАХИРГАА

Дундговь аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй “Эрдэнэс алт ресурс” ХХК, “Мак хөөт” ХХК, “Говь шоо” ХХК, “Хас даваа” ХХК, “Үнэн анд” ХХК, “Ган Илч” ХХК, “Болор жонш” ХХК, “Дүньли” ХХК, “Биг могул коул энд энержи” ХХК, “Флюмон” ХХК-иудын ус ашиглалтын байдалд газар дээр нь хяналт шалгалт хийлээ. Шалгалтаар гарсан зөрчилд мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллав. Дундговь аймгийн газрын доорх усны хяналтын 14 цэгээс мэдээллийг авсан.

✅ХАН ХЭНТИЙН УЛСЫН ТУСГАЙ ХАМГААЛАЛТТАЙ ГАЗРЫН ХАМГААЛАЛТЫН ЗАХИРГАА

Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант тосгон дахь Хүдэр хэсгийн Ходоод мод үржүүлгийн газарт хамгаалалтын захиргааны мэргэжилтнүүд болон Хүдэр хэсгийн мэдээллийн төвийн зохион байгуулагч, байгаль хамгаалагчид, эко клубийн хүүхдүүд, идэвхтэн байгаль хамгаалагч нарын бүрэлдэхүүнтэйгээр үр суулгах ажил хийлээ. Нийт 0.5 га талбайд хөрс боловсруулалт хийн, далан хайрцаг бэлтгэж, 1 кг шинэс, 3 кг хайлаас модны үрийн тарилт хийж, нар бууруулах сүүдрэвч тор татлаа.