Лувсаннамжилын ЭРДЭНЭТӨГС Лувсаннамжилын ЭРДЭНЭТӨГС

Л.Эрдэнэтөгс 1951 онд Улаанбаатар хотод төрсөн, эмэгтэй. 1969 онд нийслэлийн 23 дугаар дунд сургууль төгссөн.

1975 онд Хөдөө аж ахуйн дээд сургуулийг “Ойн аж ахуйн инженер” мэргэжлээр төгсөж,  1999 онд Техникийн Их сургуулиас “Ойн инженер” мэргэжлийн техникийн ухааны магистр зэргийг олгосон. Мөн 1993 онд Удирдлагын академийн “Төрийн албаар мэргэшүүлэх” 3 сарын сургалт, 2005 онд Голландын Маастрихтийн менежментийн Их сургуулийн “Тогтвортой хөгжил ба байгаль орчны менежмент“-ийн 5 сарын сургалтыг тус тус суралцаж дүүргэсэн.

Л.Эрдэнэтөгс 1975-1987 онд Ой модны аж үйлдвэрийн яаманд мэргэжилтэн, ой, ан агнуурын улсын байцаагч, 1987-1990 онд Байгаль орчныг хамгаалах яаманд мэргэжилтэн, 1990-1992 онд Байгаль орчны хяналтын Улсын хороонд мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн, 1992-2000 онд Байгаль орчны яаманд, мэргэжилтэн, ахлах мэргэжилтнээр тус тус ажилласан.

2000 онд Байгаль орчны Эко-Ази дээд сургуулийг үүсгэн байгуулж 2000-2005 онд Захирлаар, 2006-2012 онд салбар сургуулийн Захирлаар, 2013 онд Байгаль орчны “Эко Монгол Эрдэнэ” Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийг үүсгэн байгуулж, Захирлаар нь одоог хүртэл ажиллаж байна.

Л.Эрдэнэтөгс төрийн захиргааны төв байгууллагад улсын байцаагч, мэргэжилтэн, ахлах мэргэжилтнээр тасралтгүй 25 жил ажиллах хугацаандаа ой, ан агнуурын хууль, тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих, хууль тогтоомжийг хэвлэл, радио, телевизээр сурталчлан таниулах, зөрчил гаргасан этгээдэд захиргааны хариуцлага хүлээлгэх, байгаль орчинд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх, ойгоос самар, жимс, мөөг түүх зэрэг ойн дагалт баялаг ашиглах, тэдгээрийн нөөцийг хамгаалах чиглэлээр журам, заавар, зөвлөмж боловсруулж нийтийн хүртээл болгох, мөн төрөөс экологийн боловсролын талаар баримтлах бодлогын үзэл санаа, хүн амын, эрэлт хэрэгцээнд тулгуурлан бүх нийтэд экологийн боловсрол олгох сургалтын агуулга, хэлбэр, арга зүйг шинэчлэн боловсруулах, удирдлага зохион байгуулалтыг бий болгох, үйлчилгээний хүрээг өргөтгөх, чанар, үр дүнг дээшлүүлэхэд чиглэсэн хөтөлбөр, хэрэгжүүлэх арга хэмжээний чиглэл, төлөвлөгөөг боловсруулах, мөн байгаль орчны салбарын дээд боловсролтой мэргэжилтэн, мэргэжилтэй ажилтан бэлтгэх сургалтын ажлыг удирдан зохион байгуулах зэргээр өөрийн зүгээс орчны салбарт оруулсан хувь нэмрээс заримыг дурдвал:

·         “Бүх нийтийн экологийн боловсрол” Үндэсний анхны хөтөлбөр, уг хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний чиглэл, төлөвлөгөөг боловсруулан Засгийн газрын 1997 оны 255 дугаар тогтоолоор батлуулж хэрэгжүүлсэн;

·         Байгаль орчны Сайд, Боловсрол, соёл, шинжлэх ухааны Сайдын 2006 оны 139/171 тоот хамтарсан тушаалаар “Бүх нийтийн экологийн боловсролын үндэсний хөтөлбөр”-ийн 2 дахь үе шатны баримт бичгийн  төсөл боловсруулах ажлын хэсэгт ажиллаж олон нийтийн санал, бодлыг уг  хөтөлбөрийн төсөлд тусган боловсруулсан;

·         2009 онд БОАЖЯ-ны захиалгаар “Байгаль орчин, аялал жуулчлалын салбарт мөрдөж буй стандартуудад хяналт-шинжилгээ хийж, ойрын зорилт чиглэлийг тодорхойлох” ажлын хэсгийг ахлан ажиллаж, энэ салбарт хамрагдах 357 стандартад үзлэг, хяналт-шинжилгээ хийж, 120 стандартыг хэвээр мөрдөх, 213 стандартыг дахин шинэчлэх, 24 стандартыг хүчингүй болгох, 33 стандартын ангиллыг өөрчлөх, 14 стандартыг давхар ангилалд оруулахаар дүгнэлт гаргаж, салбарын стандартуудыг боловсронгуй болгох, шинээр стандарт боловсруулах талаар баримтлах бодлого чиглэлийн төсөл боловсруулж БОАЖЯ-нд хүлээлгэн өгсөн;

·         2009 онд БОАЖЯ-ны захиалгаар “MNS 5973:2009 Барилга байгууламж, инженерийн шугам сүлжээг төлөвлөхөд ногоон байгууламжийн ойртох зай, хэмжээ”, “MNS 5974:2009 Үйлдвэрлэлийн зориулалтаар загас олборлох заламгайн тор. Ерөнхий шаардлага” стандартуудыг боловсруулж батлуулсан;

·         2010 онд “Байгаль орчин, аялал жуулчлалын салбарын стандартуудын эмхэтгэл” номыг (25 х.х.) бэлтгэж хэвлүүлсэн;

·         2010 онд БОАЖЯ-ны захиалгаар Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд алт олборлож байгаа 178А, 214А, 3656А, 9495А, 10347А, 11934А ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй 6 компаниас Байгаль орчинд учруулсан хохирол болон түүнийг нөхөн сэргээх зардлын үнэлгээний тайланг гаргаж БОАЖЯ-нд хүлээлгэн өгсөн;

·         БОАЖЯ-ны захиалгаар Байгаль орчны богино (2012 он) болон дунд (2016 он) хугацааны зорилго, зорилтыг шалгуур үзүүлэлтээр тодорхойлох судалгаа, мөн “Байгаль орчны шинэчлэл-2” төслийн хүрээнд байгалийн нөөцийн менежментийн чиглэлээр нөхөрлөлийн гишүүдийн сургалт зохион байгуулах зэрэг ажлуудыг гүйцэтгэж тайлангуудыг БОАЖЯ-нд хүлээлгэж өгсөн;

·         2011 онд БОАЖЯ-ны захиалгаар “Туул голын сав газрын экосистемийн үнэлгээ”-ний ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж, уг үнэлгээний тайланг БОАЖЯ-нд хүлээлгэн өгсөн;

·         2011 онд МХЕГ-ын захиалгаар “MNS ISO 31000:2011 Эрсдэлийн менежмент. Зарчим ба заавар”, “MNS ISO 31010:2011 Эрсдэлийн менежмент. Эрсдэлийн үнэлгээний арга” стандартуудыг боловсруулж батлуулсан;

·         2015 онд ил уурхайгаас ухаж гаргасан хоосон чулуулгийн овоолго дээр биологийн нөхөн сэргээлт хийсэн ажлын туршлага, үр дүнгээ нэгтгэж “Хүдрийн ил уурхайн овоолгын нөхөн сэргээлт” гэсэн нэртэй, 12.7 хэвлэлийн хуудас номыг монгол, орос, англи хэл дээр бичсэн

·         2007-2016 онуудад “Нахиа” эмийн үйлдвэр, “Лайф корпорейшн” хими цэвэрлэгээний газар, Шивээ Овоогийн нүүрсний уурхай, Түүхий эдийн “цайз” зах, ацетилиний хийн “Сингао Юань” үйлдвэр, Эрдэнэтийн овооны ордын төвийн хэсгийг ашиглах, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Дулааны цахилгаан станцад 4х12 МВт хүчин чадал бүхий турбингенератор суурилуулан өргөтгөх, Мазутаар ажиллах 50 МВт хүчин чадалтай багц цахилгаан станц зэрэг 10 гаруй төслийн Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ хийж яамны Байгаль орчны үнэлгээний мэргэжлийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж, батлуулан хүлээлгэж өгсөн;

·         2007-2017 онуудад “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Ил уурхайн хоосон чулуулгийн овоолго дээр жил бүр 2-4 га талбайд биологийн нөхөн сэргээлтийн ажлыг хариуцан хийж энэ 11 жилийн хугацаанд нийт 40 гаруй га талбайд 40 мянга гаруй шинэс, 4000 гаруй улиас, 2000 гаруй чацаргана, 2500 гаруй хайлаас, монос суулган ургуулж, олон наст өвслөг ургамлын үрээр ургамалжуулсан нь газрын гадаргаас 100 гаруй метр өргөгдсөн хоосон чулуулгийн овоолго дээр шинэс болон бусад мод сөөгөөр биологийн нөхөн сэргээлтийг амжилттай хийсэн Монголын анхны туршлага болсон.

·         Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлж байгаа “Ойн тогтвортой менежментийг хэрэгжүүлж, нутгийн иргэдийн амьжиргааг дэмжих нь” төслийн үндэсний зөвлөхөөр 2015 оноос ажиллаж, ойн нөхөрлөлийн гишүүдийг чадавхжуулж байна.

·         2013 онд Эко Монгол Эрдэнэ Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийг үүсгэн байгуулж ойжуулагч, ойн аж ахуйн ажилтан, ойн нөхөрлөлийн ажилтан, уул уурхайн нөхөн сэргээгч, цэцэрлэгчин, цэцэрлэгт хүрээлэнгийн ажилтан зэрэг мэргэжлүүдээр нийт 837 мэргэжилтэй ажилтан, “Үндэсний мэргэжилтэй ажилтан бэлтгэх хөтөлбөр”-ийн захиалгаар 86 хүнийг  ойжуулагч, уурхайн нөхөн сэргээгчийн мэргэжлээр бэлтгэн гаргасан нь одоо уул уурхайн үйлдвэрлэл, нөхөн сэргээлтийн ажил эрхэлдэг аж ахуйн нэгж, байгууллагуудад ажиллаж байна. Мөн Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны захиалгаар бэлтгэсэн 400 гаруй цэцэрлэгжүүлэгчид  “Хот тохижилтын газар” ОНӨААТҮГ, “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” ОНӨТҮГ, дүүргүүдийн Тохижилт үйлчилгээний компаниудад ажиллаж, нийслэлийн ногоон байгууламж, гудамж, талбайг цэцэрлэгжүүлэхэд тодорхой хувь нэмэр оруулсан байна.  

Л.Эрдэнэтөгсийн ажлын амжилт бүтээлийг үнэлж Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, Алтан гадас одон, Хөдөлмөрийн Хүндэт медаль, Монгол Ардын Хувьсгалын 70 жилийн ойн Хүндэт медаль, Монгол Улсын Засгийн газрын шагнал “Байгаль орчны тэргүүний ажилтан”, “Боловсролын тэргүүний ажилтан”, “Хөдөлмөрийн тэргүүний ажилтан” цолоор шагнажээ.