• Нүүр
  • Газрын доорх усны нөөц ба тулгамдсан асуудлууд
Газрын доорх усны нөөц ба тулгамдсан асуудлууд

Чуулганы тухай | Хөтөлбөр | Холбогдох материал | Салбар хуралдаан | Холбоо барих | Шууд дамжуулалт


 

“Газрын доорх усны нөөц, тулгамдсан асуудал” салбар I хуралдаанаар ямар асуудлуудыг хөндөв?

Монгол Улс нь уур амьсгалын өөрчлөлтөд эмзэг улс орнуудын нэг. 2022 оны усны тоо бүртгэлийн дүнгээр нийт 362 гол горхи, булаг шанд, нуур тойром ширгэсэн мэдээллийг ЗГХАУГ-аас өгөөд буй юм. Дэлхийн улс орнууд усны нөөцийг хамгаалах, тогтвортой, зөв зохистой ашиглахад анхаарлаа хандуулж буй энэ цаг үед Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар “Цэнхэр алт” усны салбарын үндэсний чуулганыг “Өөрчлөлт, сэргэлтийг хурдасгая” уриан дор 2023 оны 3-р сарын 24-нд зохион байгуулах юм. Тэгвэл энэхүү арга хэмжээг угтаж, “Газрын доорх усны нөөц, тулгамдсан асуудал” нэгдүгээр салбар хуралдааныг өнөөдөр Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв дээр зохион байгууллаа.

Хуралдааныг нээж БОАЖЯ-ны Байгалийн нөөцийн бодлого зохицуулалтын газрын дарга Ц.Уранчимэг “Чандмань эрдэнэ ундруулагч та бүхэнд Дэлхийн усны өдрийн мэндийг хүргэе. Монгол орны усны нөөцийн 2 хувийг газрын доорх усны нөөц бүрдүүлдэг бөгөөд ашиглалтын 71 хувийг энэхүү нөөцөөс ашиглаж буй”-г онцлоод илтгэгчдийг танилцуулсан юм.

Өнөөдрийн байдлаар Монгол орны 21 аймгийн 80 сум, Улаанбаатар хотын 9 дүүргийг хамарсан газрын доорх усны хяналт-шинжилгээний нийт 319 цэгийг байгуулж www.groundwater.mn нэгдсэн сүлжээнд холбоод буй юм. Бүрэн автомат төхөөрөмж суурилуулсан 62 цэг, хагас автомат автомат төхөөрөмж суурилуулсан 255 цэг, гар хэмжилтийн 2 цэг буй бөгөөд газрын доорх усны мониторингийн цооногуудад суурилуулсан бүрэн, хагас автомат төхөөрөмж нь усны температур, түвшин, даралт, цахилгаан дамжуулах чанарын мэдээллийг 6 цаг тутам хэмждэг байна. Бүрэн автомат төхөөрөмж суурилуулсан цооногийн мэдээллийг нэгдсэн сүлжээнд шууд ирдэг бөгөөд бусад цооногуудын мэдээллийг жилд 2 удаа харьяа сав газрын захиргаад очиж авдаг аж. Цаашдын мэдээллийн боловсруулалтыг сайжруулах шаардлага байгааг Усны газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Я.Болдбаатар онцоллоо.

Хурлын үеэр Газрын доорх усны талаар төрөөс баримтлах бодлого, Газрын доорх усны ордуудыг хамгаалах стратегийн зорилт, Газрын доорх усны эрэл хайгуулын өрөмдлөгийн ажлын стандарт, нормыг шинэчлэх шаардлага, Усны салбарын эрдэм шинжилгээ инженерингийн чиг хандлага, Монгол орны ус хангамжийн одоогийн нөхцөл, ундны усны чанар,“Оюу толгой” ХХК-ийн Усны менежмент ба сайн туршлага гэсэн сэдвээр илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.

ЗГХАУГ-ын дарга асан Ш.Мягмар хуралдааныг даргалсан юм. Тэр бээр “Хүний нөөцийг бэлтгэх, жилд газрын доорх усны мэргэжлээр элсэгчдийн тоо нэмэгдүүлэх тал дээр холбогдох их дээд сургуулиудтай хамтран ажиллаж байна. Усны чанарын асуудалд төрийн захиргааны байгууллагаас анхаарч ажиллаж байгаа бөгөөд цаашид судалгааны ажилд санхүүжилтийг нэмэгдүүлэхийг зорьж байгаа. БОАЖЯ болон УГ-аас гадаргын усны нөөцийг ашиглах Хөх морь төслийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Хөх морь төслийн ажлын нэгж байгуулгагдсан. Төслийг хэрэгжүүлэх асуудлаар төр, хувийн хэвшил, олон улстай хамтран ажиллах, холбогдох уулзалтуудыг зохион байгуулан ажиллаж байна. Тухайлбал өнөөдөр БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнэ болон Усны газрын холбогдох мэргэжилтнүүд БНХАУ-аас Монгол улсад суугаа Элчин сайдтай уулзаж байна. Салбарын хүний нөөцийг бэлтгэх асуудлаар богино, дунд хугацааны сургалтуудыг зохион байгуулж байна” гэлээ.

Энэхүү салбар хуралдаанд Ерөнхийлөгчийн Тамгын газрын Байгаль орчны төсөл, хөтөлбөр хариуцсан албаны дарга О.Алтансаруул, БОАЖЯ-ны Байгалийн нөөцийн бодлого зохицуулалтын газрын дарга Ц.Уранчимэг, Усны газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Я.Болдбаатар болон төрийн захиргааны байгууллагууд, усны мэргэжлийн байгууллага, Монголын Байгаль орчны иргэний зөвлөл, ШУА-ын харьяа хүрээлэнгүүд, их дээд сургуулиудын нийт 100 гаруй төлөөллүүд оролцлоо.

Бичлэг үзэх