• Home
  • Гадаргын усны нөөц ба тулгамдсан асуудлууд
Гадаргын усны нөөц ба тулгамдсан асуудлууд

Хар нуурыг хамгаалж, Онон-Улз голын орчмын АМ олборолтын талбайг цуцлана

Монгол орны усны нөөцийн 98 хувийг гадаргын усны нөөц бүрдүүлдэг. Нийт усны ашиглалтын 30 орчим хувийг энэхүү нөөцөөс ашиглаж байна. Монгол улсын Ерөнхийлөгчөөс усны асуудалд онцгой анхаарал хандуулж Дэлхийн усны өдрийг тохиолдуулан “Цэнхэр алт” усны салбарын үндэсний чуулганыг энэ сарын 24-ний өдөр зохион байгуулах юм. Энэхүү чуулганаар салбарын хэмжээнд тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэж, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний санал, зөвлөмжийг гаргах юм. 

Тэгвэл тус чуулганыг угтан Гадаргын усны нөөц, тулгамдсан асуудлууд” сэдэвт II салбар хуралдааныг Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвийн хурлын танхимд зохион байгуулж, илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүллээ.

Энэ удаагийн хуралдаанаар Хар нуурыг хамгаалах ажлын хэсэг байгуулж, Онон-Улз голын усны сан бүхий газрын хамгаалалтын бүстэй давхцалтай байгаа ашигт малтмал олборлолтын талбайнуудыг цуцлах арга хэмжээг авч ажиллахыг онцоллоо. Энэ талаар Хуралдааныг хааж Ерөнхийлөгчийн Тамгын газрын Байгаль орчны төсөл, хөтөлбөр хариуцсан албаны дарга О.Алтансаруул “Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс усны асуудалд онцгой анхаарч ажиллаж байна. Гадаргын усыг хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээг шат дараатай хэрэгжүүлэн ажиллаж байна. Тухайлбал, Ерөнхийлөгчийн санаачилгаар Хэрлэн голын хамгаалах саналыг гаргаж тодорхой ажлуудыг хэрэгжүүлж байна. Өнөөдрийн хуралдаанд оролцсон оролцогчдоос ирүүлсэн тодорхой саналуудыг нэгдсэн чуулганаар танилцуулж, цаашид хариуцсан байгууллагуудад үүрэг, чиглэл өгч ажиллах болно. Өнөөдөр хэлэлцсэн Хар нуурыг хамгаалах, үүссэн нөхцөл байдалтай холбогдох төрийн захиргааны байгууллагуудыг оролцуулан ажлын хэсэг байгуулж газар дээр нь танилцах, ажлын хэсэг байгуулж, ажиллах болно. Мөн Онон-Улз голын сав газрын захиргаанаас ашигт малтмалын хайгуул ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохтой холбоотой үүсээд байгаа асуудлуудын талаар мэдээлэл авч, усны сан бүхий газрын хамгаалалтын бүстэй давхцалтай байгаа талбайнуудыг цуцлах арга хэмжээг авна” гэлээ. 

Ус, цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгийн Гадаргын усны судалгааны хэлтсийн дарга, доктор Д.Оюунбаатар “Гадаргын усны тулгамдсан асуудал”, ШУТИС-ийн Барилга архитекторын сургуулийн доктор, дэд профессор Н.Насанбаяр “Говийн бүс нутгийг усжуулах, уул уурхайн ус хангамжийг нэмэгдүүлэх боломж”, Монгол Улсын зөвлөх инженер, гидрохимич, доктор Ч.Жавзан “Гадаргын усны чанар ба тулгамдсан асуудлууд”,  ШУА-ийн Газарзүй, геоэкологийн хүрээлэнгийн захирал, доктор А.Дашцэрэн “Монгол орны цэвдгийн төлөв байдал, усны эргэлтэд үзүүлэх нөлөөлөл” сэдвээр, Б.Аюурзана “Усны салбарын эрдэм шинжилгээ, инженерчлэлийн чиг хандлага”, “Монголын усны түншлэл” ТББ-ын гүйцэтгэх захирал, доктор Д.Басандорж “Усны нөөцийг бохирдохоос хамгаалах, усыг дахин ашиглах технологи” сэдвээр тус тус өнөөдөр илтгэл тавилаа. 

Хоёрдугаар салбар хуралдаанд Ерөнхийлөгчийн Тамгын газрын Байгаль орчны төсөл, хөтөлбөр хариуцсан албаны дарга О.Алтансаруул, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Байгалийн нөөцийн бодлого зохицуулалтын газрын дарга Ц.Уранчимэг, Усны газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Я.Болдбаатар нар болон төрийн захиргааны байгууллагууд, усны мэргэжлийн байгууллага, Монголын Байгаль орчны иргэний зөвлөл, ШУА-ын харяа хүрээлэнгүүд, их дээд сургуулиудын 100 гаруй төлөөлөгч оролцлоо.