• Home
  • Алсын хараа
Алсын хараа Алсын хараа

Хүнд ээлтэй амьдрах орчин

 

Зорилт 2.5.Амьдралын хэрэгцээг хангасан эрүүл, ая тухтай, таатай орчныг бүрдүүлж баталгаат хүнсээр хангана.

 

Зорилтыг хэрэгжүүлэх үе шат, хүрэх үр дүн

 

I үе шат (2021-2030): Эрүүл баталгаат орчин бий болгох үе.

 

1.Орон сууц, ногоон байгууламжийн стандартыг мөрдөж, эрүүл баталгаат амьдрах орчныг бий болгоно.

 

2.Агаар, ус, хөрс, дуу чимээний бохирдлыг багасгаж, цэвэр, ногоон байгууламж бүхий орчинтой болно.

 

3.Эрүүл мэндийн болон орчны тандалт, нөлөөллийн үнэлгээ хийх тогтолцоог бий болгож бэхжүүлнэ.

 

4.Хүнсний сүлжээний бүх үе шатанд бүртгэл, чанарын удирдлага, хяналт, баталгаажуулалтын тогтолцоог бэхжүүлнэ.

 

5.Инновац нэвтрүүлсэн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжиж аюулгүй, тэжээллэг хэрэгцээт хүнсээр хангадаг болно.

 

II үе шат (2031-2040): Амьдралын таатай орчин бүрдүүлэх үе.

 

1.Тохилог амьдралын таатай орчин бүрдүүлж, орон сууцны хотхон, хорооллын төлөвлөлтийг олон улсын стандарт, шаардлагад нийцүүлэн хог хаягдлын зохистой менежментийг хэвшүүлнэ.

 

2.Ногоон бүс, бичил цэцэрлэгт хүрээлэн байгуулж, нэг хүнд ногдох цэцэрлэгжсэн талбайн хэмжээг нэмэгдүүлэх замаар хот, суурин газрын ногоон байгууламжийг хот төлөвлөлтийн стандартад нийцүүлнэ.

 

3.Хүнсний хангамж, нийлүүлэлтийн үйл ажиллагаанд тавих эрүүл ахуй, аюулгүй байдлын стандарт, шаардлагыг боловсронгуй болгож, баталгаат хүнсний үйлдвэрлэлийн тогтвортой систем бий болгон органик, баяжуулсан, зохицуулах үйлчилгээтэй болон эрүүл хүнсний хэрэглээтэй болно.

 

III үе шат (2041-2050): Амьдралын хэрэгцээ хангагдсан орчин бүрдүүлэх үе.

 

1.Орчны бохирдлоос шалтгаалсан хүний эрүүл мэнд, эдийн засагт учрах сөрөг нөлөөлөл бүрэн арилж, хот, сум, суурингуудад авто зогсоол, оршин суугчид амрах, чөлөөт цагаа өнгөрүүлэхэд зориулсан ногоон байгууламж, усан сан, биеийн тамирын талбай бүхий тохилог эко орчныг бүрдүүлнэ.

 

2.Монгол брэндийн эко хүнс экспортлох нөхцөлийг сайжруулж, хүнсний боловсруулах салбарын хөгжлөөр тэргүүлнэ.