Мэдээ мэдээлэл
  •  ТУСГАЙ ХАМГААЛАЛТТАЙ ГАЗАР НУТГИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГА
    ТУСГАЙ ХАМГААЛАЛТТАЙ ГАЗАР НУТГИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГА

     

    ТУСГАЙ ХАМГААЛАЛТТАЙ ГАЗАР НУТГИЙН ТУХАЙ

    /Шинэчилсэн найруулга/


    НЭГДҮГЭЭР БҮЛЭГ

    Нийтлэг үндэслэл

     

    1 дүгээр зүйл. Хуулийн зорилт

     

    1.1.Энэ хуулийн зорилт нь биологийн олон янз байдал, түүх, соёлын дурсгалт болон үзэсгэлэнт газрын хэв шинж, байгалийн экосистемийн нэгдмэл байдлыг хадгалах, хамгаалах, байгалийн аясаар хувьсан хөгжих  зүй тогтлыг судлах, танин мэдэх, экосистемийн тэтгэх, үйлчилгээний үр шимийг хангах зорилгоор газар нутгийг тусгай хамгаалалтад авах, түүний унаган төрх, экосистемийн хэвийн үйл ажиллагааг хадгалах, хамгаалах, зүй зохистой ашиглах, нөхөн сэргээхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

     

    2 дугаар зүйл. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль тогтоомж

     

    2.1.Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Газрын тухай хууль, Байгаль орчныг хамгаалах тухай хууль, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хууль, Соёлын өвийг хамгаалах тухай хууль, энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

     

    2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.

     

                3 дугаар зүйл.Хуулийн нэр томъёоны тодорхойлолт

     

                3.1. Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:

                           

    3.1.1.“барилга байгууламж” гэж Барилгын тухай хуулийн 4.1.1-д заасныг;

     

    3.1.2.“биологийн олон янз байдал” гэж газар, усан орчны амьдрах орчин, бүлгэмдэл, экосистем, амьд организмын олон янз байдал, тэдгээрийн харилцан шүтэлцээг;

     

    3.1.3.“бүлгэмдэл” гэж тодорхой орчинд амьдарч буй биологийн олон янз байдлын популяциудын бүлэглэлийг;

     

    3.1.4.“коридор нутаг” гэж амьтны аймгийн хоорондын солилцоог ямар нэг хэмжээгээр хангаж байдаг нүүдлийн замыг.

     

    3.1.5.“мониторинг” гэж тухайн биологийн олон янз байдал, бүлгэмдэл, экосистемийн байгалийн үйл явц, хөгжил хөдөлгөөнийг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, батлагдсан аргазүйгээр урт хугацаанд судлахыг;

     

    3.1.6.“тусгай хамгаалалттай газар нутаг” гэж амьд байгаль, түүнээс урган гарах экосистемийн үйлчилгээ, үнэ цэнийг урт хугацаанд хамгаалах, хадгалан үлдээх зорилгод үйлчлэх энэ хуулиар улсын болон орон нутгийн тусгай хамгаалалтад авсан бөгөөд менежмент хийгдэх тодорхой хил зааг бүхий газар зүйн орон зайг;

     

    3.1.7.экосистем” гэж биологийн олон янз байдлын бүлгэмдэл, тэдгээрийн өөр хоорондын болон хүрээлэн буй орчны харилцан шүтэлцээг;

     

    3.1.8.“экосистемийн үйлчилгээ” гэж экосистем, түүнийг бүрдүүлэгч биологийн олон янз байдлын зүгээс хүний амьдралыг тэтгэх төлөв байдлыг;

     

    3.1.9.“экосистемийн үйлчилгээний үнэ цэн” гэж экосистем, түүнийг бүрдүүлэгч биологийн олон янз байдлын зүгээс хүний амьдралыг тэтгэх үр өгөөжийг.

     

    ХОЁРДУГААР БҮЛЭГ

    ТУСГАЙ ХАМГААЛАЛТТАЙ ГАЗАР НУТГИЙН СҮЛЖЭЭ, АНГИЛАЛ, БҮС,

    ГАЗАР НУТГИЙГ ТУСГАЙ ХАМГААЛАЛТАД АВАХ

     

                4 дүгээр зүйл.Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээ

     

    4.1.Биологийн олон янз байдал байгалийн жамаар нүүн шилжих коридор нутгаар холбогдсон энэ хуульд заасан газар нутгийг тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээ гэнэ. /Экологи, эволюцийн нэр томьёоны тайлбар толь G.G.Simpson 1940/

     

    4.2.Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээ улсын болон орон нутгийн тусгай хамгаалалттай газар нутгаас бүрдэнэ.

     

    5 дугаар зүйл.Тусгай хамгаалалттай газар нутгийн ангилал

     

    5.1.Улсын тусгай хамгаалалттай газар нутгийг дараах байдлаар ангилна:

     

     5.1.1.дархан цаазат газар;

     5.1.2.байгалийн цогцолборт газар;

     5.1.3.байгалийн нөөц газар;

     5.1 4.дурсгалт газар.

     

    6 дугаар зүйл.Тусгай хамгаалалттай газрын дотоод бүс

     

    6.1.Тусгай хамгаалалттай газар нь дараах дотоод бүстэй байна:

     

    6.1.1.онцгой бүс;

    6.1.2.хамгаалалтын бүс

    5.1.3.хязгаарлалтын бүс.

     

    6.2.Дархан цаазат болон байгалийн цогцолборт газар нь дотоод бүстэй байх ба бусад ангиллын тусгай хамгаалалттай газарт дотоод бүс тогтоож болно.

     

    6.3.Дотоод бүсийг байгалийн хэв шинж, төлөв байдал, хөрс, ус, ургамал, амьтны аймгийн онцлог, хүний үйл ажиллагаанд өртөх байдлыг харгалзан мэргэжлийн байгууллагын судалгаа, дүгнэлтийг үндэслэн тогтооно.

     

    6.4.Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн дотоод бүсийг тусгай хамгаалалттай газар нутгийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, орон нутгийн тусгай хамгаалалттай газрын дотоод бүсийг тухайн аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална.

     

    7 дугаар зүйл.Тусгай хамгаалалттай газар нутгийн орчны бүс

     

    7.1.Тусгай хамгаалалттай газар нутагт хүний үйл ажиллаганаас учирч болзошгүй сөрөг нөлөөллийг бууруулах, тусгай хамгаалалттай газар нутгийн хооронд амьтад шилжин нүүдэллэдэг, нутагшдаг экологийн чухал ач холбогдолтой холбоос нутгуудын хамгаалалт, ашиглалтыг зохицуулах шаардлагыг харгалзан тогтоосон газар нутгийг орчны бүс гэнэ.

     

    7.2.Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал улсын тусгай хамгаалалттай газар нутгийн орчны бүс, түүний хилийн заагийг тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаа, тусгай хамгаалалттай газар нутгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн тогтооно.

     

    7.3.Тухайн газрыг улсын тусгай хамгаалалтад авснаас хойш нэг жилийн дотор орчны бүсийг тогтооно.

     

    7.4.Орчны бүсийг тусгай хамгаалалттай газар нутгийн дотоод бүстэй давхцуулж үл болно.

     

    7.5.Орон нутгийн тусгай хамгаалалттай газарт энэ хуулийн 7.3, 7.4-т заасан журмын дагуу орчны бүс тогтоож болно.

     

    8 дугаар зүйл.Газар нутгийг тусгай хамгаалалтад авах

     

    8.1.Газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах асуудлыг Засгийн газрын саналыг үндэслэн Улсын Их Хурал шийдвэрлэнэ. 

     

    8.2.Газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах, хилийн заагийг өөрчлөх саналыг тусгай хамгаалалттай газар нутгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага боловсруулна. 

     

                8.3.Энэ хуулийн 8.2-т заасан байгууллага улсын тусгай хамгаалалтад авах газар нутгийн хэмжээ, хилийн заагийг тухайн газар нутгийг харьяалах аймаг, нийслэлийн Засаг даргад бичгээр мэдэгдэнэ.

     

    8.4.Аймаг, нийслэлийн Засаг дарга энэ хуулийн 8.3-т заасан мэдэгдлийг хүлээн авмагц тухайн газар нутгийг харьяалах сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн саналыг авч, 45 хоногийн дотор тусгай хамгаалалттай газар нутгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хариу өгөх бөгөөд энэ хугацаанд хариу өгөөгүй бол тухайн саналыг зөвшөөрсөн гэж үзнэ.

     

    8.5.Аймаг, нийслэлийн Засаг дарга хуульд заасан үндэслэлээр татгалзсан хариу өгч болох бөгөөд түүнийг газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах эсэх асуудлыг шийдвэрлэхэд харгалзан үзнэ.

     

    8.6.Дэлхийн байгаль, соёлын өв болон олон улсын гэрээ, конвенцид бүртгэгдсэн газрыг энэ хуулийн 5.1-д заасан ангилалаар тусгай хамгаалтад авна.

     

    8.7.Аймаг, нийслэл, сум, дүүрэг өөрийн нутаг дэвсгэрт байгаа тодорхой газар нутгийг энэ хуулийн  5.1.3,  5.1 4-т заасан ангилалаар орон нутгийн тусгай хамгаалалтад авч болно.

     

    8.8.Улсын хил орчмын тодорхой нутаг дэвсгэрийг хил залгаа улстай тохиролцсоны үндсэн дээр улсын тусгай хамгаалалтад авч болно.

     

    8.9.Хуульд өөрөөр заагаагүй бол газар нутгийг энэ хуулийн 5.1-д заасан ангилалд хамруулах шалгуур үзүүлэлтийг Засгийн газар, газар нутгийг улсын болон орон нутгийн тусгай хамгаалалтад авах, тусгай хамгаалалттай газар нутгийн дотоод болон орчны бүс тогтоох шалгуур үзүүлэлт, журмыг тусгай хамгаалалттай газар нутгийн болон газрын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран батална.

     

    8.10.Энэ хуулийн 8.2-т заасан байгууллага улсын тусгай хамгаалалтад авах газар нутгийн жагсаалтыг урьдчилан гаргаж, геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргад хүргүүлнэ.

     

    8.11.Энэ хуулийн 8.10-т заасан газар нутагт ашигт малтмалын хайгуулын зөвшөөрөл олгох, газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах шийдвэр гаргахыг хориглоно.

     

    ГУРАВДУГААР БҮЛЭГ
    ДАРХАН ЦААЗАТ ГАЗАР, ТҮҮНИЙ ХАМГААЛАЛТЫН ДЭГЛЭМ

     

    9 дүгээр зүйл.Дархан цаазат газар

     

    9.1.Байгалийн бүс нутгийн онцлог, өвөрмөц хэв шинжийг төлөөлж чадах унаган төрх байдлаа хадгалсан, биологийн олон янз байдал, экосистемийн үйлчилгээний үнэ цэн, шинжлэх ухааны онцгой ач холбогдол зэргийг харгалзан улсын тусгай хамгаалалтанд авсан газар нутгийг дархан цаазат газар гэнэ. /IUCN, CBD/ 

     

    10 дугаар зүйл.Дархан цаазат газрын онцгой бүсийн дэглэм

     

    10.1.Онцгой бүсэд байгалийн унаган төрх, хэв шинжийг нь хадгалах шаардлагад нийцүүлж зөвхөн хамгаалалтын арга хэмжээ хэрэгжүүлнэ.

     

    10.2.Онцгой бүсэд зохих зөвшөөрөлтэйгээр дараах үйл ажиллагаа явуулж болно:

     

    10.2.1.байгалийн төлөв байдлыг нь хөндөхгүйгээр зөвхөн ажиглах хэлбэрээр судалгааны ажил явуулах, мониторинг хийх;

     

    10.2.2.гамшгаас хамгаалах үйл ажиллагааг байгаль орчинд халгүй хэлбэрээр зохион байгуулах;

     

    10.3.Онцгой бүсэд энэ хуулийн 10.2-т зааснаас бусад үйл ажиллагаа явуулахыг хориглоно.

     

    11 дүгээр зүйл.Дархан цаазат газрын хамгаалалтын бүсийн дэглэм

     

    11.1.Хамгаалалтын бүсэд энэ хуулийн 10.1, 10.2-т зааснаас гадна ургамал, амьтны аймгийн өсч  үржих нөхцөлийг хангахтай холбогдсон биотехникийн арга хэмжээг байгаль орчинд сөрөг нөлөөгүй арга хэлбэрээр хэрэгжүүлнэ.

     

    12 дугаар зүйл.Дархан цаазат газрын хязгаарлалтын бүсийн дэглэм

     

    12.1.Хязгаарлалтын бүсэд байгаль орчинд нь сөрөг нөлөөгүй арга хэлбэрээр зохих зөвшөөрөлтэйгээр дараах үйл ажиллагаа явуулж болно:

     

    12.1.1.энэ хуулийн 10.1, 10.2, 11.1-д заасан үйл ажиллагаа;

    12.1.2.хөрс, ургамлын бүрхэвчийг нөхөн сэргээх, амьтныг сэргээн нутагшуулах;

    12.1.3.ойн цэвэрлэгээ хийх;

     

    12.1.4.амьтны сүргийн бүтцийг зохицуулах үйл ажиллагааг зохих журмын дагуу явуулах;

     

    12.1.5.зөвшөөрөл бүхий хүн зохих журмын дагуу түр буудаллах, отоглох;

    12.1.6.зураг авах, дууны болон дүрс бичлэг хийх, уул, овоо тахих.

     

    13 дугаар зүйл.Дархан цаазат газарт хориглох үйл ажиллагаа

     

    13.1.Дархан цаазат газарт энэ хуулийн 11.1, 12.1-д  зааснаас өөр зориулалтаар дараах үйл ажиллагаа явуулахыг хориглоно:

     

    13.1.1.газар хагалах, ухах, тэсэлгээ хийх, ашигт малтмал, газрын тос, байгалийн хий, цацраг идэвхт болон түгээмэл тархацтай ашигт малтмал хайх, олборлох, мод, зэгс, шагшуурга бэлтгэх, авто зам, төмөр зам, гүүр тавих зэргээр байгалийн төлөв байдлыг өөрчлөх;

     

    13.1.2.байгалийн дагалт баялаг, ургамлыг ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар түүж бэлтгэх;

     

    13.1.3.мөрөн, гол горхи, нуур, цөөрөм, булаг, шанд зэрэг ил задгай /гадаргын ус/ усыг үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглах;

     

    13.1.4.энэ хуулийн 12.1.4-т зааснаас өөр зориулалтаар амьтан агнах, барих, үргээх, тэдгээрийн үүр, ичээ, нүх, ноохойг хөндөх, эвдэж сүйтгэх;

     

    13.1.5.харь болон унаган бус зүйлийн амьтан, ургамал нутагшуулах;

    13.1.6.байгаль, түүх, соёлын өвийг ухах, малтах, шилжүүлэх;

     

    13.1.7.гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд байгаль орчинд сөрөг нөлөөлөх арга, техник, бодис хэрэглэх;

     

    13.1.8.хөрс, ус, агаар бохирдуулах аливаа үйл ажиллагаа явуулах;

    13.1.9.барилга байгууламж барих;

     

    13.1.10.өвөлжөө, хаваржаа, намаржаа, зуслангийн барилга байгууламж барих, мал бэлчээрлүүлэх;

     

    13.1.11.тухайн газрын хамгаалалтын захиргааны зөвшөөрөлгүйгээр нохой дагуулж, буу авч явах;

     

    13.1.12.металл хайгч, тэсэрч дэлбэрэх, химийн хорт болон аюултай бодис авч явах, ашиглах;

     

    13.1.13.гамшгаас хамгаалах үйл ажиллагаанаас бусад тохиолдолд агаарын хөлгөөр нам өндрийн нислэг үйлдэх, буулт хийх, түр байрших;

     

    13.1.14.хууль тогтоомж болон хамгаалалтын горимоор хориглосон байгаль орчинд сөрөг нөлөөлөх бусад үйл ажиллагаа явуулах.


    ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
    БАЙГАЛИЙН ЦОГЦОЛБОРТ ГАЗАР, ТҮҮНИЙ ХАМГААЛАЛТЫН ДЭГЛЭМ

     

    14 дугаар зүйл. Байгалийн цогцолборт газар

     

    14.1.Нэг ба хэд хэдэн экосистемийн экологийн нэгдмэл байдлыг хамгаалах, хамгааллын зорилгод үл нийцэх ашиглалтаас зайлсхийх,  танин мэдэхүй, судалгааны ач холбогдол бүхий, зохих хяналттайгаар аялал жуулчлал хөгжүүлэх зорилгоор улсын тусгай хамгаалатад авсан газар нутгийг байгалийн цогцолбор газар гэнэ.

     

    15 дугаар зүйл.Байгалийн цогцолборт газрын онцгой бүсийн дэглэм

     

    15.1.Онцгой бүсэд байгалийн унаган төрхийг нь хадгалах шаардлагад нийцүүлэн хамгаалалтын арга хэмжээг хэрэгжүүлэхийн зэрэгцээ зохих зөвшөөрэлтэй энэ хуулийн 11.1-д заасан үйл ажиллагаа явуулж болно.

     

    16 дугаар зүйл.Байгалийн цогцолборт газрын хамгаалалтын бүсийн дэглэм

     

    16.1.Хамгаалалтын бүсэд байгаль орчинд нь сөрөг нөлөөгүй арга хэлбэрээр зохих зөвшөөрөлтэйгээр дараах үйл ажиллагаа явуулж болно:

     

    16.1.1.энэ хуулийн 12.1, 15.1-д заасан үйл ажиллагаа;

    16.1.2.байгалийн аялал жуулчлалыг тогтоосон зам, чиглэлээр зохих журмын дагуу зохион байгуулах;

     

    16.1.3.зөвшөөрсөн газарт спорт агнуурын зориулалтаар загасчлах;

    16.1.4.зөвшөөрөгдсөн газарт холбогдох хууль тогтоомжид заасан нөхцөл, болзлын дагуу ойжуулах, амьтан, ургамлын нөөцийг нөхөн сэргээх, цөөрөм, усан сан байгуулах.

     

    17 дугаар зүйл.Байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүсийн дэглэм

     

    17.1.Хязгаарлалтын бүсэд зохих зөвшөөрөлтэйгээр дараах үйл ажиллагаа явуулж болно:

     

    17.1.1.энэ хуулийн 12.1, 15.1, 16.1-д заасан үйл ажиллагаа;

    17.1.3.батлагдсан журам, зураг төсөл, стандарт, зөвшөөрлийн дагуу байгаль орчинд сөрөг нөлөөгүй хэлбэрээр жуулчны бааз, отоглох цэг, тээврийн хэрэгслийн зогсоол, гүүр байгуулах;

     

    17.1.4.батлагдсан журам, зураг төсөл, стандартын дагуу байгаль орчинд сөрөг нөлөөгүй хэлбэрээр улсын чанартай авто болон төмөр зам, гүүр байгуулах;

     

    17.1.5.суурин газрыг ногоон хөгжлийн бодлого зарчимд нийцсэн ерөнхий төлөвлөгөө, байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний дүгнэлтийн дагуу хөгжүүлэх;

     

    17.1.6.өвөлжөө, хаваржаа, намаржаа, зуслангийн барилга байгууламж барих, бэлчээрийн даацад нийцүүлэн мал бэлчээрлүүлэх.

     

    18 дугаар зүйл.Байгалийн цогцолборт газарт хориглох үйл ажиллагаа

     

    18.1.Байгалийн цогцолборт газарт энэ хуулийн 15.1, 16.1, 17.1-д зааснаас өөр зориулалтаар дараах үйл ажиллагаа явуулахыг хориглоно:

     

    18.1.1.энэ хуулийн 13.1.1, 13.1.2, 13.1.4, 13.1.5, 13.1.6, 13.1.7, 13.1.8, 13.1.9, 13.1.11, 13.1.12, 13.1.13, 13.1.14, 13.1.15-д заасан үйл ажиллагаа явуулах;

     

    18.1.2.онгон, онцгой бүсэд энэ хуулийн 13.1.3, 13.1.10-д заасан үйл ажиллагаа явуулах;

     

    18.1.3.батлагдсан ерөнхий төлөвлөгөө, зураг төсвийг зөрчиж суурин газрыг нутаг дэвсгэрийг тэлэх, барилга байгууламж барих.


    ТАВДУГААР БҮЛЭГ
    БАЙГАЛИЙН НӨӨЦ ГАЗАР, ТҮҮНИЙ ХАМГААЛАЛТЫН ДЭГЛЭМ

     

    19 дүгээр зүйл. Байгалийн нөөц газар

     

    19.1.Тухайн бүс нутгийн тогтвортой хөгжлийг дэмжих, байгалийн тухайлсан нөөцийг хамгаалах, нөхөн сэргээх, зохистой ашиглах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор улсын болон орон нутгийн тусгай хамгаалалтад авсан газар нутгийг байгалийн нөөц газар гэнэ.

     

    20 дугаар зүйл.Байгалийн нөөц газрын төрөл

     

    20.1.Байгалийн нөөц газар дараах төрөлтэй байна:

                             

                              20.1.1.ховордож, устаж буй ой, ургамал, амьтныг хамгаалах, нөхөн сэргээх шаардлагатай газар нутаг;

     

                              20.1.2.эдийн засгийн ач холбогдолтой ургамал, амьтны баялаг нөөц бүхий газар;

     

                              20.1.3.эртний амьтан, ургамлын ховор олдворыг байгалийн байдлаар нь хадгалан хамгаалах ач холбогдол бүхий байгалийн түүхэн олдворын нөөц газар;

     

                              20.1.4.газрын өвөрмөц тогтоц, илэрц, тэдгээрийн бүтцийг байгалийн байдлаар нь хадгалах зорилго бүхий геологийн нөөц газар;

     

                              20.1.5.гол мөрний урсац бүрэлдэх эх, эдийн засгийн онцгой ач холбогдол бүхий гадаргын болон гүний цэнгэг усны нөөц, олон улсын ач холбогдол бүхий ус намгархаг орчныг хамгаалах зорилго бүхий усны нөөц газар;

                              20.1.6.говийн баянбүрд, заган болон төгөл ой бүхий газар;

     

                              20.1.7.байгаль, эдийн засаг, нийгмийн онцгой ач холбогдол бүхий доройтсон орчныг нөхөн сэргээх шаардлагатай газар.

     

                              20.1.8.нутгийн иргэдийн уламжлалт амьдрал, ёс, зан заншилд чухал ач холбогдолтой байгалийн нөөцийн хамтын менежментийн нөхөрлөлийн хамгаалалттай газар нутаг.

     

    21 дүгээр зүйл.Байгалийн нөөц газрын дэглэм

     

    21.1.Байгалийн нөөц газарт байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний дүгнэлт, нөөц даацын судалгаа, тухайн тусгай хамгаалалттай газар нутгийн менежментийн төлөвлөгөөнд үндэслэн зохих зөвшөөрөлтэйгээр дараах үйл ажиллагааг явуулж болно:

     

    21.1.1.энэ хуулийн 16.1, 17.1-д заасан үйл ажиллагаа;

    21.1.2.бэлчээрийн даацад нийцүүлэн мал аж ахуй эрхлэх;

    21.1.3.байгалийн нөөцийг судалгаанд үндэслэн зохистой ашиглах.

     

                22 дугаар зүйл.Байгалийн нөөц газарт хориглох үйл ажиллагаа

     

    22.1.Байгалийн нөөц газарт дараах үйл ажиллагаа явуулахыг хориглоно:

     

    22.1.1.энэ хуулиар зөвшөөрөгдөөгүй барилга байгууламж барих;

     

    22.1.2 ашигт малтмал, газрын тос, занар, байгалийн хий, цацраг идэвхт бодис хайх, ашиглах, олборлох;

     

    22.1.3.гадаргын болон газрын доорх усыг үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглах;

     

    22.1.4.байгалийн нөөцийг хэтрүүлэн ашиглах, малын тоог бэлчээрийн даацаас хэтрүүлэх;

     

    22.1.5.байгалийн унаган төрхийг өөрчлөх, байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлэх, бохирдуулах;

     

    22.1.6.хот суурин газар шинээр байгуулах.


    ЗУРГАДУГААР БҮЛЭГ
    ДУРСГАЛТ ГАЗАР, ТҮҮНИЙ ХАМГААЛАЛТЫН ДЭГЛЭМ

     

    23 дугаар зүйл.Дурсгалт газар

     

    23.1.Байгалийн өвөрмөц тогтоц, түүх, соёлын биет өвийг уламжлагдан хадгалагдсан байдлаар нь хамгаалах, өвлөн үлдээх зорилгоор улсын болон орон нутгийн тусгай хамгаалалтад авсан газар нутгийг дурсгалт газар гэнэ.

     

    24 дүгээр зүйл.Дурсгалт газрын төрөл

     

    24.1.Дурсгалт газрыг дараах төрөлтэй байна:

     

    24.1.1.байгалийн дурсгалт газар;

    24.1.2.соёлын өвийн дурсгалт газар;

    24.1.3.түүх, соёлын дурсгалт газар.

     

    24.2.Байгалийн дурсгалт газарт өвөрмөц тогтоц, илэрц бүхий газар, эртний ургамал, амьтны чулуужсан үлдэгдэл, давхаргазүйн тулгуур зүсэлт зэрэг эрдэс чулуулгийн ховор олдвор, хүрхрээ, хясаа, хавцал, агуй, хад цохио, явар, цонж, төгөл мод, рашаан булаг, баянбүрд, элсэн манхан, солир, солирын цар, өрх, галт уулын тогоо зэргийг хамааруулж болно.

     

    24.4.Дурсгалт газрын хилийн заагийг тухайн дурсгалт зүйлээс 3.0 километрээс багагүй зайтай тогтооно.

     

    24.5.Энэ хуулийн 24.1.2, 24.1.3-т заасан дурсгалт газар нь дархан цаазат газар, байгалийн цогцолборт газар, байгалийн нөөц газрын ангилал бүхий тусгай хамгаалалттай газар нутгийн хилийн зааг дотор байгаа тохиолдолд түүний хамгаалалтын менежментийг тухайн тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаа хариуцна.

     

    24.6.Энэ хуулийн 24.1.2, 24.1.3-т заасан дурсгалт газрын хамгаалалтын дэглэмийг хуулиар тогтооно.

     

    25 дугаар зүйл.Байгалийн дурсгалт газрын дэглэм

     

    25.1.Байгалийн дурсгалт газарт байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний дүгнэлт, нөөц даацын судалгаа, хамгаалагдсан газрын хэмжээ, тухайн тусгай хамгаалалттай газар нутгийн менежментийн төлөвлөгөөнд үндэслэн зохих зөвшөөрөлтэйгээр дараах үйл ажиллагааг явуулж болно.

     

    25.1.1.аялал жуулчлалыг батлагдсан зам, чиглэлээр зохих журмын дагуу явуулах, жуулчин отоглох цэг, жуулчны бааз байгуулах, байгалийн дурсгалыг байгальд халгүй хэлбэрээр хамгаалах арга хэмжээ хэрэгжүүлэх;

     

    25.1.2.нутгийн иргэд мал аж ахуй эрхлэх, ургамал, амьтан, байгалийн дагалт баялгийг ахуйн хэрэгцээндээ ашиглах, ойн цэвэрлэгээ хийх, байгалийн нөөцийг нөхөн сэргээх;

     

    25.1.3.батлагдсан стандартын дагуу хаалт хашилт хийх, сэрэмжлүүлсэн дохио тэмдэг тавих.

     

    26 дугаар зүйл.Байгалийн дурсгалт газарт хориглох үйл ажиллагаа

     

    26.1.Байгалийн дурсгалт газарт дараах үйл ажиллагаа явуулахыг хориглоно:

     

    26.1.1.байгаль, түүх, соёлын  өвийн  дурсгалт зүйлээс  3.0 километрээс дотогш сүр бараа, үзэмжийг нь дарах барилга байгууламж барих;

     

    26.1.2.газар хагалах, ухах, тэсэлгээ хийх;

     

    26.1.3.энэ хуулийн 22.1.2-т заасан үйл ажиллагаа;

    26.1.4.байгалийн дурсгалт зүйлийг хөндөх, эвдэх, буулгах, тэдгээрт хохирол учруулахуйц бусад үйл ажиллагаа явуулах.

     

    ДОЛДУГААР БҮЛЭГ

    ТУСГАЙ ХАМГААЛАЛТТАЙ ГАЗАР НУТГИЙН ОРЧНЫ БҮС

     

    27 дугаар зүйл.Орчны бүсийн дэглэм

     

    27.1.Тусгай хамгаалалттай газар нутгийн орчны бүсэд байгаль орчныг хамгаалах, эдийн засаг, нийгэм, дэд бүтцийг хөгжүүлэхэд дараах нийтлэг дэглэмийг баримтлана:

     

    27.1.1.барилга байгууламж, авто зам, төмөр зам, гүүр барих бол амьтан нүүдэллэх, шилжих хөдөлгөөнийг хангах гарцыг батлагдсан стандартын дагуу гүйцэтгэх;

     

    27.1.2.газар тариалан, мал аж ахуй, ойн болон уул уурхайн үйл ажиллагаа эрхлэх бол тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны саналыг үндэслэн зэрлэг амьтан нүүдэллэх зурвас гаргах;

     

    27.1.3.аливаа үйлдвэрлэл, үйлчилгээг байгаль орчны бохирдлоос урьдчилан сэргийлэх дэвшилтэт арга, технологи, сэргээгдэх эрчим хүч ашиглан эрхлэх;

     

    27.1.4.нутгийн иргэдийн тогтвортой амьжиргаа, орлогын нэмэлт эх үүсвэр бий болгоход дэмжлэг үзүүлэх.

     

    27.2.Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тусгай хамгаалалттай газар нутгийн орчны бүсийн дэглэмийг орон нутгийхаа онцлог болон энэ хуулийн 27.1-д заасан нийтлэг дэглэмд нийцүүлэн батлана.

     

    28 дугаар зүйл.Орчны бүсийн зөвлөл, чиг үүрэг

     

    28.1.Орчны бүсийн зорилгыг хангах, орчны бүсийн менежментийн төлөвлөгөөг талуудын оролцоотойгоор хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах зорилго бүхий орон тооны бус орчны бүсийн зөвлөл /цаашид “Зөвлөл” гэх/ ажиллана.

     

    28.2.Зөвлөл нь сондгой тооны гишүүдтэй байх бөгөөд дараах бүрэлдэхүүнтэй байна:

     

    28.2.1.сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээс хоёроос доошгүй төлөөлөгч;

     

    28.2.2.нутгийн иргэдээс гурваас доошгүй төлөөлөгч;

     

    28.2.3.хамгаалалтын захиргаанаас хоёр төлөөлөгч.

     

    28.3.Зөвлөлийг тухайн аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас орчны бүсийн хилийн заагийг тогтоосноос хойш зургаан сарын дотор байгуулна.

     

    28.4.Зөвлөл дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:

     

                28.4.1.орчны бүсийн менежментийн төлөвлөгөөг тусгай хамгаалалттай газар нутгийн менежментийн төлөвлөгөө, сум, дүүргийн эдийн засаг, нийгмийн хөгжил, хэтийн төлөвтэй уялдуулан боловсруулах, хэрэгжилтийг зохион байгуулах;

     

                28.4.2.тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль тогтоомжийн хэрэгжилтэд олон нийтийн хяналтыг зохион байгуулах;

               

                28.4.3.орчны бүсийн сангийн үйл ажиллагааг эрхлэн түүнд хөрөнгө төвлөрүүлэх хуваарилах, зарцуулах, зарцуулалтад хяналт тавих ажлыг тогтоосон журмын дагуу зохион байгуулах;

     

    28.4.4.Зөвлөлийн үйл ажиллагаа, үр дүн, орчны бүсийн сангийн төвлөрүүлэлт, зарцуулалтын тайланг сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд жилд нэгээс доошгүй удаа тайлагнах;

     

    28.4.5.орчны бүсэд газар, байгалийн нөөц ашиглахтай холбогдсон асуудлаар санал, зөвлөмж, төсөл боловсруулан хэрэгжүүлэх.

     

    28.5.Зөвлөлийг байгуулж ажиллуулах журмыг тусгай хамгаалалттай газар нутгийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батлана.

     

    29 дүгээр зүйл.Орчны бүсийн сан

     

    29.1.Зөвлөл нь тусгай хамгаалалттай газар нутгийн орчны бүсийг хөгжүүлэх, нутгийн иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилго бүхий орчны бүсийн сан /цаашид “сан” гэх/-г талуудын оролцоотойгоор байгуулж болно.

     

    29.2.Сангийн эх үүсвэр нь дараах эх үүсвэрээс бүрдэнэ:

     

                29.2.1.гадаад улс, олон улсын байгууллага, иргэн, хуулийн этгээдийн хандив, тусламж;

                            29.2.2.энэ хуулийн 47.1.5-д заасан эх үүсвэр.

     

    29.3.Сангийн хөрөнгийг энэ хуулийн 30.4-т заасан арга хэмжээг хэрэгжүүлэхэд зарцуулна.

     

    29.4.Сан байгуулах, эх үүсвэрийг бүрдүүлэх, зарцуулах болон сангийн үйл ажиллагаанд нь хяналт тавих журмыг тусгай хамгаалалттай газар нутгийн болон санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран батална.

     

    30 дугаар зүйл.Орчны бүсийн менежментийн төлөвлөгөө

     

                30.1.Тусгай хамгаалалттай газар нутгийн орчны бүс ногоон хөгжлийн бодлогод нийцсэн, орчны бүсийн зорилгыг хангахад чиглэсэн менежментийн төлөвлөгөөтэй байна.

                           

                30.2.Орчны бүсийн менежментийн төлөвлөгөөг сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална.

     

    30.4.Орчны бүсийн менежментий төлөвлөгөөнд дараах зүйлийг тусгана:

               

                30.4.1.орчны бүсийн байгаль, эдийн засаг, нийгмийн өнөөгийн байдал, хэтийн төлөв, тусгай хамгаалалттай газар нутагт үзүүлж болзошгүй сөрөг нөлөөлөлөөс урьдчилан сэргийлэх, үзүүлж байгаа сөрөг нөлөөллийг бууруулах, арилгах, нөхөн сэргээх арга хэмжээ;

     

    30.4.2.орчны бүсэд байгальд халгүй, дэвшилтэт техник, технологи нэвтрүүлэх, цэвэр үйлдвэрлэл, эко-бүтээгдэхүүн үйлдвэрлэх төсөл, хөтөлбөрийг дэмжих арга хэмжээ;

     

                            30.4.3.орчны бүс, тусгай хамгаалалттай газар нутагт байгаль орчныг хамгаалахад чиглэсэн хөтөлбөр, үйл ажиллагааг дэмжих арга хэмжээ;

                           

                            30.4.4.орчны бүсэд амьтан нүүдэллэх, шилжих зам, ургамал, амьтны өсөх, үржих нөхцөлийг хамгаалах, бүрдүүлэх арга хэмжээ;

     

                            30.4.5.орчны бүсийн байгаль, эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх, нутгийн иргэдийн тогтвортой амьжиргааг дэмжихэд талуудын үүрэг, хариуцлага, оролцоог нэмэгдүүлэх арга хэмжээ;

                           

                            30.4.6.иргэдийн байгаль орчны мэдлэг, боловсролыг сайжруулахад  чиглэсэн арга хэмжээ.

     

                            30.4.7.менежментийн төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд шаардагдах зардал, санхүүжүүлэх эх үүсвэр, хэрэгжилтийг хянах, үнэлэх тогтолцоо.

     

    НАЙМДУГААР БҮЛЭГ

    ТУСГАЙ ХАМГААЛАЛТТАЙ ГАЗАР НУТГИЙН МЕНЕЖМЕНТ

     

    31 дүгээр зүйл.Тусгай хамгаалалттай газар нутгийн менежмент

     

                31.1.Засгийн газар байгаль орчин, байгалийн унаган төрх, экосистемийн тэнцвэрт байдал, байгаль, соёлын өвийн дурсгалыг хадгалан хамгаалж, үе дамжуулан үлдээх зорилгоор тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээг өргөжүүлэх, түүний менежментийг улс орны болон дэлхийн хөгжлийн чиг хандлагад нийцүүлэн хэрэгжүүлнэ.

     

                32 дугаар зүйл.Тусгай хамгаалалттай газар нутгийн менежментийн төлөвлөгөө

     

    32.1.Тусгай хамгаалалттай газар нутаг бүр менежментийн болон бизнесийн төлөвлөгөөтэй байна.

     

    32.2.Тусгай хамгаалалттай газар нутгийн менежментийн төлөвлөгөөг 4 жилийн хугацаагаар төлөвлөх ба төлөвлөгөөнд дараах асуудлуудыг тусгана:

     

                32.2.1.тухайн тусгай хамгаалалтай газрын үнэт зүйл, урт хугацааны зорилго, дунд, богино хугацааны зорилтууд түүнд хүрэх арга хэмжээ, шалгуур үзүүлэлт;

     

                32.2.2.тухайн тусгай хамгаалалттай газар нутгийн байгаль, байгалийн нөөц (газар, ой, ус, амьтан, ургамал) эдийн засаг, нийгмийн суурь мэдээлэл;

     

                32.2.3.тусгай хамгаалалттай газарт явуулах судалгаа, мониторингийн ажлын хөтөлбөр;

                           

                            32.2.4.тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын болон байгалийн нөөцийн менежментийн хөтөлбөр;

     

                            32.2.5.тухайн тусгай хамгаалалттай газарт явуулах аялал жуулчлалын хөтөлбөр;

                           

    32.2.6.газрын менежментийн хөтөлбөр буюу тухайн тусгай хамгаалалттай газарт ашиглуулах газрын хэмжээ, байршил, зориулалт болон газар ашиглахад тавигдах шаардлага, нөхцөл;

     

    32.2.7.тухайн тусгай хамгаалалттай газар нутагт олон нийтийн оролцоо, мэдээлэл, сургалт сурталчилгааг хөгжүүлэх хөтөлбөр;

     

    32.2.8.санхүүгийн тогтвортой байдлыг хөгжүүлэх хөтөлбөр;

     

    32.2.9.хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагаа, зохион байгуулалт.

                           

    32.3.Тусгай хамгаалалттай газрын менежментийн төлөвлөгөөний хэрэгжилт, үр ашигт байдалд батлагдсан журам, аргачлалын дагуу 2 жил тутам хянаж үнэлгээ хийнэ.

     

    32.3.Бизнесийн төлөвлөгөөнд менежментийн төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд шаардагдахад хүний нөөц, төсөв, зардал, санхүүжилтийн эх үүсвэр, тэдгээрийг хэрэгжүүлэх арга замыг тодорхойлсон байна.

     

    32.4.Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн менежментийн болон бизнесийн төлөвлөгөөг тусгай хамгаалалттай газар нутгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, орон нутгийн тусгай хамгаалалттай газрын менежментийн болон бизнесийн төлөвлөгөөг тухайн аймаг, нийслэл, сум дүүргийн Иргэдийн Төлөөллөгчдийн Хурал батлана.

     

    32.5.Тусгай хамгаалалттай газар нутгийн менежментийн төлөвлөгөөнд тусгагдсан зарим арга хэмжээ, ажил, үйлчилгээг гэрээний үндсэн дээр иргэдийн нөхөрлөл, хуулийн этгээдээр гүйцэтгүүлж болно. /хэн шийдвэр гаргах/

     

    32.6.Менежментийн болон бизнесийн төлөвлөгөөг боловсруулах аргачлал, журмыг тусгай хамгаалалттай газар нутгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батлана.

     

    33 дугаар зүйл.Тусгай хамгаалалттай газар нутгийн менежментийг гэрээгээр хариуцуулах

     

                33.1.Тусгай хамгаалалттай газар нутгийн менежментийг гэрээний үндсэн дээр бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн хуулийн этгээдээр хариуцуулан гүйцэтгүүлж болно.

     

                33.2.Энэ хуулийн 33.2-т заасан хуулийн этгээдэд дараах шаардлагыг хангасан байна:

               

    33.2.1.байгаль орчны мэргэжлийн боловсон хүчинтэй;

    33.2.2.байгаль хамгаалах чиглэлээр 5-аас доошгүй жил тогтвортой үйл ажиллагаа эрхэлсэн, санхүүгийн нөөц, эх үүсвэр бүрдүүлэх чадавхтай;

     

    33.2.3.байгалийн нөөцийн хамтын менежментийн нөхөрлөлтэй хамтран ажиллах гэрээтэй;

    33.2.4.тухайн орон нутагт бүртгэлтэй.

     

    33.3.Тусгай хамгаалалттай газар нутгийн менежментийг гэрээгээр хариуцан гүйцэтгэж байгаа хуулийн этгээд, түүний ажилтан энэ хуульд заасан тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаа, түүний ажилтан болон байгаль хамгаалагчийн эрх хэмжээ, эрх, үүргийг хэрэгжүүлнэ.

     

    33.4.Тусгай хамгаалалттай газар нутгийн менежментийг хариуцан хэрэгжүүлж байгаа хуулийн этгээдийн үйл ажиллагаанд энэ хуулийн 32.3, 56.2-т зааснаар хяналт тавина.

     

                34 дүгээр зүйл.Улсын хилийн болон хил орчмын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалт

     

    34.1.Засгийн газар улсын хилийн болон хил орчмын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтыг сайжруулах зорилгоор хөрш орнуудтай хамтран ажиллах тухай гэрээ, хэлэлцээр байгуулж болно.

     

    34.2.Хамгаалалтын захиргаа улсын хил орчмын тусгай хамгаалалттай газар дахь улсын хил хамгаалах зурваст хамгаалалтын менежментийг улсын хил хамгаалах байгууллагатай хамтран хэрэгжүүлнэ.

     

    34.3.Тусгай хамгаалалттай газар нутагт улсын хилийн болон хил орчмын хэсгийг хамгаалуулах зорилгоор хилийн заставын дарга, туслагчид орон тооны бус байгаль хамгаалагч, байгаль орчны хяналтын улсын байцаагчийн эрх олгож болно. Хилийн заставын дарга, туслагч нь байгаль орчны хяналтын улсын байцаагчийн эрхийг зөвхөн хилийн бүсэд хэрэгжүүлнэ.

     

    ЕСДҮГЭЭР БҮЛЭГ

    ТУСГАЙ ХАМГААЛАЛТТАЙ ГАЗАР НУТАГТ

    ГАЗАР АШИГЛАХ, СУДАЛГАА, МОНИТОРИНГ ХИЙХ

     

    35 дугаар зүйл.Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах

     

    35.1.Улсын тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглуулахтай холбоотой харилцааг энэ хуулиар зохицуулна.

     

    35.2.Монгол Улсын иргэн, хуулийн этгээд тусгай хамгаалалттай газар нутгийн зөвшөөрөгдсөн бүсэд зөвхөн энэ хуульд заасан зориулалт, хугацаа, нөхцөлөөр байгаль орчинд сөрөг нөлөөгүй арга, хэлбэрээр гэрээний үндсэн дээр газар ашиглаж болно.

     

    35.3.Тусгай хамгаалалттай газар нутагт гадаад улсын иргэн, харьяалалгүй хүн, гадаадын хуулийн этгээдэд газар ашиглуулахыг хориглоно.    

     

    36 дугаар зүйл.Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглуулах нөхцөл

     

    36.1.Тусгай хамгаалалттай газар нутагт ашиглуулах боломжтой газрын хэмжээ, байршил, зориулалтыг байгалийн нөөц, даацын судалгаанд үндэслэн урьдчилан тогтоож тусгай хамгаалалттай газар нутгийн менежментийн төлөвлөгөө болон аймаг, нийслэл, сум, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгана.

     

    36.2.Энэ хуулийн 36.1-д заасан ашиглуулж болох газрын хэмжээ, байршил, зориулалтыг тусгай хамгаалалттай газар нутгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нийтэд ил тод мэдээлнэ.

     

    36.3.Тусгай хамгаалалттай газар нутагт дараах газрыг ашиглуулахыг хориглоно:

     

                36.3.1.энэ хуулийн 36.1-д заасан менежментийн төлөвлөгөө болон газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй газар;

     

    36.3.2.дэлхийн байгаль, соёлын өв болон олон улсын гэрээ, конвенцид бүртгүүлэхээр төлөвлөсөн газар.

     

    37 дугаар зүйл.Тусгай хамгаалалттай газар нутагт ашиглах газрын зориулалт, хугацаа

     

    37.1.Байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс болон байгалийн нөөц, дурсгалт газарт иргэн, хуулийн этгээдэд аялал жуулчлалын, тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаанд судалгаа, сургалт, мэдээллийн төвийн зориулалтаар газар ашиглуулна.

     

    37.2.Улсын тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах хугацааг хөрөнгө оруулалтын хэмжээтэй уялдуулан тусгай хамгаалалттай газар нутгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тогтооно.

     

    38 дугаар зүйл.Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглуулах шийдвэр гаргах, гэрээ байгуулах

     

    38.1.Энэ хуулийн 37.1-д заасан бүс болон газарт иргэн, хуулийн этгээдэд аялал жуулчлалын зориулалтаар газар ашиглах эрх олгох ажиллагааг төсөл сонгон шалгаруулах замаар зохион байгуулах бөгөөд төсөл сонгон шалгаруулах, гэрээ байгуулах, дүгнэх, гэрчилгээ олгох журмыг Засгийн газар батална.

     

    38.2.Тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаанд судалгаа, сургалт, мэдээллийн төвийн зориулалтаар газар ашиглуулах шийдвэрийг тухайн хамгаалалтын захиргааны саналыг үндэслэн тусгай хамгаалалттай газар нутгийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага гаргана. 

     

    38.3.Энэ хуулийн 37.2-т заасан зориулалтаар газар ашиглуулах шийдвэрийг тухайн шатны Засаг даргын саналыг үндэслэн тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаа гаргана.

     

     38.4.Энэ хуулийн 38.1, 38.2, 38.3-т заасан шийдвэрийг үндэслэн тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаа, сум, дүүргийн Засаг дарга хамтран иргэн, хуулийн этгээдтэй газар ашиглуулах гэрээг шийдвэр гарснаас хойш 30 хоногт байгуулна.

     

    38.5.Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглуулах гэрээний биелэлтийг тусгай хамгаалалттай газар нутгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, хамгаалалтын захиргаа жил бүр дүгнэнэ.

     

    38.4.Зохих шатны Засаг дарга энэ хуулийн 35, 36, 37 дугаар зүйл  заасан журмын дагуу орон нутгийн тусгай хамгаалалттай газарт газар ашиглуулах асуудлыг шийдвэрлэнэ.

     

                39 дүгээр зүйл.Газар ашиглах эрхийн гэрчилгээний хугацааг сунгах

     

    39.1.Газар ашиглах эрхийн гэрчилгээний хүчин төгөлдөр байх хугацаа дуусахаас 30-аас доошгүй хоногийн өмнө хугацааг сунгуулах тухай хүсэлтээ газар ашиглуулах шийдвэр гаргасан байгууллага, албан тушаалтанд гаргах бөгөөд дараах баримт бичгийг хавсаргана:

     

                39.1.1.газар ашиглах эрхийн гэрчилгээ;

                39.1.2.газар ашиглах гэрээ, түүний биелэлт;

                39.1.3.газрын төлбөр төлсөн баримтын хуулбар.

               

                39.1.4.байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээнд тусгасан байгаль орчны менежментийн төлөвлөгөөг хэрэгжүүлсэн талаарх тодорхойлолт.

     

    39.2.Хүсэлтийг хүлээн авсан байгууллага, албан тушаалтан 15 хоногийн дотор хянаж, газар ашиглах эрхийн гэрчилгээний хугацааг сунгах эсэхийг шийдвэрлэнэ.

     

    40 дүгээр зүйл.Газар ашиглагчийн эрх, үүрэг

     

    40.1.Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглаж байгаа иргэн, хуулийн этгээд нь Газрын тухай хуулийн 35.1.1, 35.1.5-д заасан эрх эдэлнэ.

     

                40.2.Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглаж байгаа иргэн, хуулийн этгээд  Газрын тухай хуулийн 35.3.1, 35.3.2, 35.3.3, 35.3.4, 35.3.5-д зааснаас гадна дараах үүрэг хүлээнэ:

     

                40.2.1.тухайн газрын унаган төрх, экосистемийн тэнцвэрт байдлыг хадгалах, хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээг өөрийн хөрөнгөөр гүйцэтгэх;

     

                40.2.2.ашиглах газартаа тогтоосон замаар орж, гарах;

                40.2.3.газрыг энэ хууль, гэрээнд заасан зориулалтын дагуу ашиглах, холбогдох зураг төслөө байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад танилцуулж зөвшөөрөл авах;

               

                40.2.4.дэд бүтцийг холбогдох мэргэжлийн байгууллагын шийдвэр, дүгнэлтийг үндэслэх байгуулах;

     

                40.2.5.газрын төлбөрийг газар ашиглах шийдвэр гарснаас эхлэн төлөх;

               

                40.2.6.олон улсын чанартай зам, цахилгааны болон дэд бүтцийн шугам сүлжээ дайран өнгөрөх шаардлага гарсан үед тухай газрыг бүхэлд нь болон хэсэгчлэн чөлөөлөх;

     

                40.2.7.газар ашиглах эрх дуусгавар болсон тохиолдолд ашиглаж байсан газраа нөхөн сэргээж хамгаалалтын захиргаанд  хүлээлгэн өгөх.

               

                41 дүгээр зүйл.Газар ашиглагчид хориглох үйл ажиллагаа

     

    41.1.Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглагчид дараах үйл ажиллагаа явуулахыг хориглоно:

     

    41.1.1.ашиглаж байгаа газраа бүхэлд нь буюу  зарим хэсгийг бусдад худалдах, барьцаалах, түрээслэх, дамжуулан ашиглуулах;

     

    41.1.2.энэ хууль болон тухайн тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын дэглэмээр хориглосон, гэрээнд зааснаас бусад үйл ажиллагаа явуулах;

     

    41.1.3.гэрээнд заасан газрын хэмжээнээс илүү талбайг хаших, зориулалтын бусаар ашиглах;

     

    41.1.4.гэрээнд зааснаас бусад барилга байгууламж барих.

     

                42 дугаар зүйл.Газар ашиглах эрх дуусгавар болох, цуцлах, газрыг чөлөөлөх

     

    42.1.Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах эрх дараах тохиолдолд дуусгавар болно:

     

    42.1.1.газар ашиглах эрхийн гэрчилгээ болон гэрээний хугацаа дуусахад сунгуулах хүсэлт гаргаагүй;

    42.1.2.газар ашиглагч иргэн сураггүй алга болсон;

     

    42.1.3.тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын дэглэм, горимын хэрэгжилт, экосиситемийн тэнцвэрт байдлыг хангах зайлшгүй шаардлага бий болсон.

     

    42.2.Дараах тохиолдолд Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон Засаг дарга газар ашиглах эрхийг цуцалж, мэдэгдэл хүргүүлнэ:

               

                42.2.1.газрын тухай, эсхүл байгаль орчны тухай хууль тогтоомж,  эсхүл энэ хууль болон газар ашиглуулах гэрээний нөхцөлийг удаа дараа буюу ноцтой зөрчсөн;

     

                42.2.2.газар ашиглагч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй;

     

                42.2.3.хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2 жил дараалан гэрээнд заасан зориулалтын дагуу газраа ашиглаагүй;

     

                42.2.4.энэ хуулийн 41.1-д заасан хориглосон үйл ажиллагаа явуулсан.

     

    42.3.Газар ашиглах эрх дуусгавар болсон, цуцалсан тохиолдолд иргэн, хуулийн этгээд ашиглаж байсан газраа чөлөөлж 90 хоногийн дотор тухайн газар нутгийн хамгаалалтын захиргаанд хүлээлгэн өгнө.

     

    42.4.Газар ашиглагч газрыг хүлээлгэн өгөхөд байгаль орчны нөхөн сэргээлтийг өөрийн зардлаар хийсэн байна.

     

    42.5.Энэ хуулийн 42.3-т заасан хугацаанд газрыг чөлөөлөөгүй бол газрыг албадан чөлөөлөх бөгөөд гарсан зардлыг буруутай иргэн, хуулийн этгээдээр нөхөн төлүүлнэ.

     

                43 дугаар зүйл.Тусгай хамгаалалттай газар нутагт явуулах судалгаа, мониторинг

     

                43.1.Тусгай хамгаалалттай газар нутагт явуулах судалгаа, мониторингийн ажил нь байгаль орчны өнөөгийн болон хэтийн төлөв, тухайн газар нутгийн менежментийн үйл ажиллагааны үндэслэлийг тодорхойлох, биологийн олон янз байдлыг судлах, хамгаалах, танин мэдэхүйн мэдээ, баримт цуглуулахад чиглэсэн хөтөлбөртэй байна.

     

                43.2.Энэ хуулийн 43.1-д заасан хөтөлбөрийг тухайн тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаа боловсруулж, хэрэгжүүлнэ.

     

                43.3.Тусгай хамгаалалттай газар нутагт явуулах судалгаа, мониторингийн болон сургалт, сурталчилгааны ажлыг тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээний хэмжээнд бүсчилсэн хэлбэрээр зохион байгуулна.

               

                43.4.Энэ хуулийн 44.3-т заасан бүсчилсэн зохион байгуулалтын бүтэц, судалгаа, мониторинг явуулах, тайлагнах, түүнд хяналт тавих журмыг тусгай хамгаалалттай газар нутгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага баталж, хэрэгжилтэд хяналт тавина.


    АРАВДУГААР БҮЛЭГ
    ТУСГАЙ ХАМГААЛАЛТТАЙ ГАЗАР НУТГИЙН ТАЛААРХИ ТӨРИЙН БАЙГУУЛЛАГЫН БҮРЭН ЭРХ

     

    44 дүгээр зүйл.Улсын Их Хурлын бүрэн эрх

     

    44.1. Улсын Их Хурал тусгай хамгаалалттай газар нутгийн талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

     

    44.1.1.газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах, сүлжээг өргөжүүлэн хөгжүүлэх талаарх төрийн бодлогыг тодорхойлох;

     

    44.1.2.засгийн газрын өргөн мэдүүлснээр газар нутгийг тусгай хамгаалалтад авах, ангилалыг өөрчлөх, тусгай хамгаалалттай газар нутгийн хилийн заагийг батлах, өөрчлөх;

     

    45 дугаар зүйл.Засгийн газрын бүрэн эрх

     

    45.1.Засгийн газар тусгай хамгаалалттай газар нутгийн талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

     

    45.1.1.тусгай хамгаалалттай газар нутгийн талаарх төрийн бодлого, хууль тогтоомжийн биелэлтийг зохион байгуулах;

     

    45.1.2.тусгай хамгаалалттай газар нутгийг хамгаалах эдийн засаг, удирдлага, зохион байгуулалтын тогтолцоог бүрдүүлж, энэ асуудлаар төрийн болон төрийн бус байгууллагын үйл ажиллагааг зохицуулах;

     

    45.1.3.тусгай хамгаалалттай газар нутагт гамшгаас хамгаалах үйл ажиллагааг хууль тогтоомжийн дагуу иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хүчийг нэгтгэн зохион байгуулж, шаардлагатай арга хэмжээ авах;

     

    45.1.4.тусгай хамгаалалттай газар нутаг, түүний орчны бүсийг хөгжүүлэх, экологийн аюулгүй байдал, байгаль орчны тэнцвэрт байдлыг хангах үндэсний хөтөлбөрийг батлах;

     

    45.1.5.энэ хуульд заасан хамгаалалтын дэглэмийн хүрээнд тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын горимыг батлах.

     

    46 дугаар зүйл.Тусгай хамгаалалттай газар нутгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын бүрэн эрх

     

    46.1.Тусгай хамгаалалттай газар нутгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

     

    46.1.1.тусгай хамгаалалттай газар нутгийн талаарх төрийн бодлого боловсруулах, хууль тогтоомжийг биелүүлэх, тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээг нэгдмэл удирдлага, мэдээллээр хангах;

     

    46.1.2.аймаг, нийслэлийн Засаг даргатай зөвшилцөн тусгай хамгаалалттай газарт хамгаалалтын захиргаа байгуулах;

     

    46.1.3.тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргааны санхүүжилтийг хуваарилах, үйл ажиллагаанд хяналт тавих, даргыг нь томилох, чөлөөлөх;

     

    46.1.4.гэрээний үндсэн дээр тусгай хамгаалалттай газар нутгийн менежментийг хариуцах хуулийн этгээдийг сонгон шалгаруулж, гэрээ байгуулах, сонгон шалгаруулалтын журмыг батлах;

     

    46.1.5.рашаан, эмчилгээ, сувилгааны зориулалттай бусад эрдэс, байгалийн дагалт баялгийг ашиглах журам, эмийн, хүнсний болон техникийн зориулалттай ургамлын жагсаалт, тэдгээрийг түүж бэлтгэх журмыг холбогдох мэргэжлийн байгууллагатай хамтран тогтоох;

     

    46.1.6.газар ашиглуулах төсөл сонгон шалгаруулах ажлыг зохион байгуулах, газар ашиглах журам, гэрээ, гэрчилгээний загварыг батлах;

     

    46.1.7.тусгай хамгаалалттай газар нутгийн зөвшөөрөгдсөн бүсэд мал аж ахуй эрхлэх, бэлчээр ашиглах, хадлан бэлтгэх журам батлах;

     

    46.1.8.тусгай хамгаалалттай газар нутагт аялал жуулчлалын үйл ажиллагаа явуулах, түүнийг зохицуулах журам батлах;

     

    46.1.9.тусгай хамгаалалттай газар нутгийн менежментийн үр ашигт байдалд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх журам батлах;

     

    46.1.10.тусгай хамгаалалттай газар нутгийн мэдээллийн сан бүрдүүлэх, эрхлэх, мэдээллийн сан бүрдүүлэх, эрхлэх журмыг батлах;

     

    46.1.11.тусгай хамгаалалттай газар нутгийг дэлхийн байгаль, соёлын өв болон олон улсын гэрээ, конвенцид бүртгүүлэх ажлыг зохион байгуулах, бүртгэгдсэн газрыг улсын тусгай хамгаалалтад авах санал боловсруулах;

     

    46.1.12.биологийн төрөл зүйлд судалгаа, тооллого явуулах, бүртгэл хөтлөх аргачлал, хөтөлбөрийг батлах, зөвшөөрөгдсөн бүсээс ажиглалтын зориулалтаар дээж, сорьц авах, хэмжилт хийх, сүргийн бүтцийг зохицуулах зорилгоор амьтныг агнах, барих журам тогтоох;

     

    46.1.13.тусгай хамгаалалттай газрын орчны бүс дэх суурин газрын ерөнхий төлөвлөгөө, шинээр байгуулах аялал, жуулчлалын бааз, амралт, сувиллын байршил, төслийг холбогдох байгууллагатай хамтран хянан батлах;

     

    46.1.14.хөнөөлт шавж, мэрэгчид, ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, тэдгээртэй тэмцэх журам, аргачлал батлах, гамшгийн хор уршгийг арилгах арга хэмжээ авах;

     

    46.1.15.ойг арчлах, ойжуулах, хөрс, ургамлыг нөхөн сэргээх журам, хөтөлбөрийг баталж, нөхөн сэргээх газрын хэмжээ, уг ажлыг гүйцэтгэх арга, технологийг тогтоох;

     

    46.1.16.тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээний боловсон хүчнийг мэргэшүүлэх, ажилтныг орон сууц, ажиллах нөхцөлөөр хангах, шагнах, урамшуулах.

     

    46.2.Тусгай хамгаалалттай газар нутгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас байгалийн хамгаалалтын менежментийн төлөвлөгөө, хамгаалалтын дэглэм, горимд нийцүүлэн дараах зөвшөөрлийг олгоно:

     

    46.2.1.улсын тусгай хамгаалалттай газарт ойн арчилгаа, цэвэрлэгээ хийх, амьтан агнах, барих;

     

    46.2.2.тусгай хамгаалалттай газар нутагт палеонтологийн болон түүх соёлын дурсгалт зүйлс, нэн ховор, ховор амьтан, ургамлыг судлах, шинжлэх зорилгоор дээж авах;

     

    46.2.3.тусгай хамгаалалттай газар нутгийн зөвшөөрөгдсөн бүсэд амралт сувилал, аялал жуучлалын бааз, зам, гүүр, дэд бүтцийн барилга, байгууламж барих, засварлах, өргөтгөх.

     

    46.2.4.энэ хуульд заасан бусад.

     

    47        дугаар зүйл.Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын бүрэн эрх

     

    47.1.   Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тусгай хамгаалалттай газар нутгийн талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

     

    47.1.1.харьяалах нутаг дэвсгэрийнхээ тодорхой хэсгийг улсын тусгай хамгаалалтад авах, ангиллыг өөрчлөх, хилийн заагийг тогтоох саналыг  тусгай хамгаалалттай газар нутгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад уламжлах;

     

    47.1.2.харьяалах нутаг дэвсгэрийнхээ тодорхой хэсгийг орон нутгийн тусгай хамгаалалтад авах, ангиллыг өөрчлөх, хилийн зааг, дэглэмийг батлах;

     

    47.1.3.харьяалах нутаг дэвсгэр дэх тусгай хамгаалалттай газар нутаг, түүний орчны бүсэд холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаар Засаг дарга, хамгаалалтын захиргааны даргын тайланг хэлэлцэх; 

     

    47.1.4.тусгай хамгаалалттай газар нутгийн орчны бүсийн менежментийн төлөвлөгөөг Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18.1.2./з/-д заасан цогцолбор хөтөлбөрт тусган, хэрэгжүүлэх, төсвийг жил бүр баталж, хяналт тавих;

     

    47.1.5.орон нутгийн тусгай хамгаалалттай газар нутгийн болон орчны бүсийн менежментийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх арга хэмжээний төсвийг орон нутгийн төсөвт тусгах.

       

    48 дугаар зүйл.Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын бүрэн эрх

     

    48.1 Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга тусгай хамгаалалттай газар нутгийн талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

     

    48.1.1 тусгай хамгаалалттай газар нутгийн талаарх төрийн бодлого, хууль тогтоомжийг биелүүлэх, орон нутгийн тусгай хамгаалалттай газар нутгийн менежментийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах;

     

    48.1.2 харьяалах нутаг дэвсгэрийнхээ тодорхой хэсгийг улсын болон орон нутгийн тусгай хамгаалалтад авах, ангиллыг өөрчлөх, хилийн заагийг тогтоох саналыг судалгаанд үндэслэн боловсруулж, тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд уламжлах;

     

    48.1.3 орон нутгийн тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын менежментийг гэрээгээр хариуцах байгалийн нөөцийн хамтын менежментийн нөхөрлөл, хуулийн этгээдийг сонгон шалгаруулж, гэрээ байгуулах;

     

    48.1.4 харьяалах нутаг дэвсгэр дэх тусгай хамгаалалттай газар нутагт гамшгийг таслан зогсоох, гамшгийн хор уршгийг арилгах арга хэмжээг Гамшгаас хамгаалах тухай хууль тогтоомжийн дагуу зохион байгуулах;

     

    48.1.5 орон нутгийн тусгай хамгаалалттай газар нутгийн болон орчны бүсийн менежментийн төлөвлөгөөг боловсруулж, тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцүүлж, батлуулах;

     

    48.1.6 энэ хуулийн 48.1.5-д заасан төлөвлөгөөг хэрэгжүүлэх арга хэмжээний төсвийг тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргааны саналыг үндэслэн боловсруулж, батлуулах;

     

    48.1.7.орон нутгийн тусгай хамгаалалтад авсан газар нутгийн хэмжээ, байршил, хилийн зааг болон шаардлагатай бусад мэдээллийг тусгай хамгаалалттай газар нутгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлэх.

     

    49        дүгээр зүйл.Тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргааны эрх хэмжээ

     

    49.1 Тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаа /цаашид "хамгаалалтын захиргаа" гэх/ дараах эрх хэмжээг хэрэгжүүлнэ:

     

    49.1.1.тусгай хамгаалалттай газар нутгийн талаарх хууль тогтоомж, хамгаалалтын дэглэм, горимын биелэлтийг хангах;

     

    49.1.2.тусгай хамгаалалттай газар нутгийн менежментийн төлөвлөгөөг боловсруулж, батлуулах, хэрэгжүүлэх;

     

    49.1.3.тусгай хамгаалалттай газар нутагт судалгаа, мониторингийн ажил явуулах иргэн, хуулийн этгээдтэй гэрээ байгуулж, судалгааны тайлан, үр дүнг хүлээн авах;

     

    49.1.4.тусгай хамгаалалттай газар нутгийн дэглэм, горимд нийцүүлэн амьтны сүргийн бүтцийг зохицуулах, байгалийн баялгийг нөхөн сэргээх, ойд арчилгаа, цэвэрлэгээ, ойжуулалт хийх ажлыг зохион байгуулах, хяналт тавих;

     

    49.1.5.амьтанд зориулан ус задгайлах, худаг гаргах, хадлан бэлтгэх, өвс тэжээл, хужир, шүү тавих, нөмөр хорго барих болон хамгаалах бусад арга хэмжээг гүйцэтгэх;

     

    49.1.6.тусгай  хамгаалалттай газар нутагт явуулах аялал жуулчлалын  зам, чиглэлийг батлуулах, аяллын жим, түр отоглох цэг, тэмдэг, тэмдэгжүүлэлтийг стандартын дагуу хийх, засаж тохижуулах;

     

    49.1.7.байгалийн нөөц ашигласны төлбөрийн орлогоос тухайн тусгай хамгаалалттай газар нутгийн орчны бүсийн менежментийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх арга хэмжээний төсвийн талаар тухайн шатны Засаг даргад санал өгөх;

     

    49.1.8.хариуцсан тусгай хамгаалалттай газрын талаарх мэдээллийг бүрдүүлж, мэдээллийн нэгдсэн санд оруулах;

     

    49.1.9.зөвшөөрөгдсөн бүсэд авто зам, гүүр, дэд бүтэц, барилга байгууламж барих ажлыг зориулалт, батлагдсан зураг, стандарт, төлөвлөгөөний дагуу гүйцэтгэж байгаа эсэхэд хяналт тавих;

     

    49.1.10.гамшгийн үед тусгай хамгаалалттай газрын орчны бүсэд хамгаалалтын дэглэм, горим, бэлчээрийн нөөц, даацад нийцүүлэн мал бэлчээрлүүлэх, хадлан бэлтгэх ажлыг гэрээний үндсэн дээр тухайн шатны Засаг дарга, нутгийн өөрөө удирдах байгууллагатай хамтран зохион байгуулах;

     

    49.1.11.тусгай хамгаалалттай газар нутагт гамшгийн хор уршгийг арилгах арга хэмжээг зохион байгуулах;

     

    49.1.12.тусгай хамгаалалттай газар нутгийн зөвшөөрөгдсөн бүсэд газар ашиглах эрх бүхий иргэн, хуулийн этгээдтэй байгуулсан гэрээний үүргийн биелэлтийг хангуулах, хэрэгжилтэд хяналт тавин, дүгнэлт гаргах;

     

    49.1.13.тусгай хамгаалалттай газар нутгийн зөвшөөрөгдсөн бүсэд газар ашиглах эрх олгогдсон, дуусгавар болсон, хугацаа сунгагдсан, газар ашиглах эрх хүчингүй болсон тухай бүрд гэрээ, гэрчилгээний хуулбар, холбогдох мэдээллийг аймаг, нийслэл, сум, дүүргийн газрын асуудал эрхэлсэн алба, даамалд хүргүүлэх;

     

    49.1.14.тусгай хамгаалалттай газар нутгийн болон бусад хууль тогтоомж, журам, хамгаалалтын дэглэм, горим, гэрээний үүргээ зөрчсөн иргэн, хуулийн этгээдийн газар ашиглах болон бусад  эрх, зөвшөөрөл, үйл ажиллагааг хязгаарлах, түр, эсхүл бүр мөсөн зогсоох, зөвшөөрлийг цуцлуулах саналыг боловсруулж холбогдох хуулийн дагуу шийдвэрлэх;

     

    49.1.15.хууль тогтоомжид заасан бусад.

     

    49.2.Хамгаалалтын захиргаа тухайн газар нутгийн хамгаалалтын дэглэм, горимын болон менежментийн төлөвлөгөөний хүрээнд явуулж болох дараах үйл ажиллагаанд зөвшөөрөл олгож, хяналт тавина:

     

    49.2.1.аялал жуулчлалын тогтоосон зам, чиглэлийн дагуу завь, моторт завь, усан онгоц, авто болон ердийн хөсгөөр буюу явганаар аялах, уулын авиралт хийх;

     

    49.2.2.орчны бүс болон байгалийн нөөц газарт байгалийн дагалт баялаг ашиглах, мал аж ахуй эрхлэх, мал бэлчээрлүүлэх, оторлуулах;

     

    49.2.3.орчны бүс болон байгалийн нөөц газарт сум, дүүргийн Засаг даргын саналыг үндэслэн хадлангийн талбайг зохистой ашиглуулах;

     

    49.2.4.орчны бүс болон байгалийн нөөц газарт рашаан, эмчилгээ, сувилалын зориулалттай эрдэс ашиглах;

     

    49.2.5.уул овоо тахих, уламжлалт зан үйлийг байгальд халгүй хэлбэрээр үйлдэх;

     

    49.2.5.шинжлэх ухаан болон арилжааны зориулалтаар зураг авах, дүрс бичлэг хийх;

    49.2.6.ажиглалт, судалгаа, мониторинг хийх.

     

    АРВАННЭГДҮГЭЭР БҮЛЭГ

    ХАМГААЛАЛТЫН ЗАХИРГААНЫ АЖИЛТНЫ ЭРХ ЗҮЙН БАЙДАЛ

     

    50.1.Хамгаалалтын захиргааны ажилтан нь хамгаалалтын захиргааны дарга, ажилтан/хяналт шалгалт, судалгаа, мониторинг, хамгаалалт, санхүү, захиргаа, үйлчилгээ/, байгаль хамгаалагчаас бүрдэнэ.

     

    50.2.Хамгаалалтын захиргааны дарга, хяналт шалгалт, хамгаалалт хариуцсан ажилтан болон байгаль хамгаалагчид Байгаль орчныг хамгаалах тухай хуульд заасны дагуу байгаль орчны хяналтын улсын байцаагчийн эрх олгоно. 

     

    50.3.Тусгай хамгаалалттай газар нутгийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн энэ хуулийн 33.3-т зааснаас бусад хамгаалалтын захиргааны даргаар байгаль орчны мэргэжилтэй, тухайн чиглэлээр 3-аас доошгүй жил ажилласан хүнийг томилж, чөлөөлнө.

     

    50.4.Хамгаалалтын захиргааны ажилтан болон байгаль хамгаалагчаар Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 5, 6 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан иргэнийг ажиллуулна.

     

    51 дүгээр зүйл.Хамгаалалтын захиргааны ажилтны эрх, үүрэг

     

    51.1.Хамгаалалтын захиргааны ажилтан Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 27, 28 дугаар зүйлд заасан эрх, үүргээс гадна дараах эрх эдэлнэ:

     

    51.1.1.энэ хууль болон байгаль орчныг хамгаалах хууль тогтоомжийн биелэлтэд хяналт тавьж, илэрсэн зөрчлийг таслан зогсоож, гэм буруутай этгээдэд зохих хариуцлага хүлээлгэх;

     

    51.1.2.хууль тогтоомж зөрчсөн гэх сэжиг бүхий иргэний бичиг баримтыг шалгах, түр хураах, шаардлагатай гэж үзвэл уналага, тээврийн хэрэгсэлд нь үзлэг, нэгжлэг хийх, зэвсэг хэрэгсэл, агнасан, түүсэн, бэлтгэсэн эд зүйлийг зүйлийг хураан авах;

     

    51.1.3.хууль тогтоомжийн биелэлтэд хяналт тавих зорилгоор орон байр, бусад барилга, байгууламж, агуулах, сав, эзэмшил газарт нэвтрэн орох, хяналт шалгалт, үзлэг, нэгжлэг хийх;

     

    51.1.4.хууль тогтоомж, хамгаалалтын горимыг зөрчиж байгаль орчинд сөрөг нөлөөлөх үйл ажиллагаа явуулж байгаа иргэн, хуулийн этгээдийн, үйл ажиллагааг түр зогсоох, тэдгээрт хугацаатай үүрэг, даалгавар өгөх, шаардлага тавих;

                            51.1.5.хууль тогтоомжид заасан бусад.

     

    51.2.Хамгаалалтын захиргааны хяналт шалгалт хариуцсан ажилтан, байгаль хамгаалагч тусгай хамгаалалттай газар нутаг, түүний орчны бүсэд Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 29 дүгээр зүйлд заасан галт зэвсэг, нэг бүрийн тусгай хэрэгсэл хэрэглэх эрхтэй.

     

    52 дугаар зүйл.Хамгаалалтын захиргааны ажилтны дүрэмт хувцас

     

    52.1.Хамгаалалтын захиргааны дарга, ажилтан, байгаль хамгаалагч дүрэмт хувцас, үнэмлэх, таних тэмдэг, хувийн дугаар бүхий тэмдэгтэй байна.

     

    51.2.Энэ хуулийн 51.1-д заасан дүрэмт хувцасны загвар, эдэлгээний хугацаа, хэрэглэх журмыг Засгийн газар, үнэмлэх, таних тэмдэг, хувийн дугаар бүхий тэмдгийн загварыг тусгай хамгаалалттай газар нутгийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

     

                53 дугаар зүйл.Хамгаалалтын захиргааны ажилтны нийгмийн баталгаа

     

    53.1.Хамгаалалтын захиргааны дарга, ажилтан, байгаль хамгаалагч Төрийн албаны тухай болон Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн хуульд заасан баталгаанаас гадна дор дурдсан нэмэгдэл баталгаагаар хангагдана:

     

    53.3.1.гэнэтийн ослын болон амь насны даатгалд хамруулах;

    53.3.2.хээрийн нөхцөлийн 20 хувийн нэмэгдэл авах;

     

    53.3.3.бүрэн эрхээ хэрэгжүүлэхтэй нь холбогдуулан доромжилсон, гүтгэсэн, дарамталсан, амь нас, эрүүл мэндэд нь бодит аюул заналхийлсэн тохиолдолд цагдаагийн байгууллагаар аюулгүй байдлаа хангуулах;

     

    53.3.4.тогтвор суурьшилтай, үр дүнтэй ажиллаж байгаа байгаль хамгаалагчид 5 жил тутамд 12 сарын цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшуулал олгох;

     

    53.4.Энэ хуулийн 53.3.1-д заасан даатгалын хураамжийг төр хариуцна.

     

    АРВАНХОЁРДУГААР БҮЛЭГ

    ТУСГАЙ ХАМГААЛАЛТТАЙ ГАЗАР НУТГИЙН ХАМГААЛАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ САНХҮҮЖИЛТ

    54 дүгээр зүйл.Тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын үйл ажиллагааны төсөв

     

    54.1.Тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаа нь тусгай хамгаалттай газар нутгийн үндэсний хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээ болон хамгаалалтын менежментийг хэрэгжүүлэхэд шаардагдах санхүүгийн эх үүсвэр болон санхүүгийн үйл ажиллагааг тусгасан төсөвтэй байна.

     

    54.2.Энэ хуулийн 54.1-д заасан төсвийг дараах зориулалтаар зарцуулна:

     

    54.2.1.тусгай хамгаалалттай газар нутгийн байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх;

    54.2.2.гамшгаас хамгаалах үйл ажиллагаа;

     

    54.2.3.судалгаа, мониторингийн ажил явуулах, мэдээллийн сан бүрдүүлэх;

     

    54.2.4.хяналт шалгалт хийх;

    54.2.5.хамгаалалтын захиргаанд хөрөнгө оруулалт хийх;

    54.2.6.сургалт, сурталчилгаа хийх;

    54.2.7.захиргааны үйл ажиллагааны зардал;

    54.2.8.хууль тогтоомжид заасан бусад.

     

    55 дугаар зүйл.Тусгай хамгаалалттай газар нутгийн төсвийн санхүүжилт

     

    55.1.Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн санхүүжилт улсын болон орон нутгийн төсвийн санхүүжилт, тусгай хамгаалалттай газар нутгийн байгалийн нөөц ашигласны төлбөр, хамгаалалтын захиргааны ажил, үйлчилгээний орлогоос бүрдэнэ.

     

    55.2.Улсын болон орон нутгийн төсвийн санхүүжилт нь дараах эх үүсвэрээс бүрдэнэ:

     

    55.2.1.улсын болон орон нутгийн төсвөөс тухайн жилд олгосон санхүүжилт;

     

    55.2.2.Засгийн газрын тусгай сангийн санхүүжилт;

    55.2.3.гадаад улс, олон улсын байгууллага, иргэн, хуулийн этгээдийн хандив, тусламж.

     

    55.3усгай хамгаалалттай газар нутгийн байгалийн нөөц ашигласны төлбөрийн орлого нь дараах эх үүсвэрээс бүрдэнэ:

     

    55.3.1.тусгай хамгаалалттай газар нутагт нэвтрэх хураамжийн орлого;

     

    55.3.2.Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн 18.2-т заасан хөрөнгө;

     

    55.3.3.тусгай хамгаалалттай газар нутагт газар ашигласны төлбөрийн орлогын 30 хувь;

     

    55.3.4.тусгай хамгаалалттай газар нутагт байгаль орчны хууль тогтоомж зөрчигчдөд ногдуулсан зөрчлийн шийтгэлийн орлого;

     

    55.3.5.аж ахуйн нэгж, байгууллагын биологийн олон янз байдлыг дүйцүүлэн хамгаалах ажлын зардал.

     

    55.4.Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргааны ажил, үйлчилгээний хөлс нь дараах эх үүсвэрээс бүрдэнэ:

     

    55.4.1.тусгай хамгаалалттай газар нутагт үзүүлэх ажил, үйлчилгээний хөлс;

     

    55.4.2.хамгаалалтын захиргааны туслах үйл ажиллагааны орлого.

     

    55.5.Энэ хуулийн 55.3, 55.4-т заасан ажил, үйлчилгээ, хураамж, төлбөр, захиргааны шийтгэлийн орлогын хувь хэмжээг тогтоох, орлогыг төвлөрүүлэх, зарцуулах, тайлагнах журмыг тусгай хамгаалалттай газар нутгийн болон санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран батална.

     

    55.6.Орон нутгийн тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын менежментийг тухайн орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалт болон байгалийн нөөц ашигласны төлбөрийн орлогоос санхүүжүүлнэ.

     

    56 дугаар зүйл.Төсөв, санхүүгийн ил тод байдал, аудит

     

    56.1.Тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын үйл ажиллагааны төсөв, санхүүгийн ил тод, нээлттэй байдлыг Шилэн дансны хуулиар зохицуулна.

     

    56.2.Тусгай хамгаалалттай газар нутгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хамгаалалтын захиргааны үйл ажиллагаанд дотоод аудит хийнэ.

     

    АРВАНГУРАВДУГААР БҮЛЭГ
    БУСАД ЗҮЙЛ

     

                57 дугаар зүйл.Тусгай хамгаалалттай газар нутгийн мэдээллийн сан

     

                57.1.Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 35 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 12-т заасан мэдээллийн сан нь дараах мэдээллээс бүрдэнэ:

     

                            57.1.1.тусгай хамгаалалтад авсан газар нутаг дэвсгэрийн хэмжээ;

    57.1.2.тусгай хамгаалалтад авсан газар нутаг дахь биологийн олон янз байдлын зүйлийн бүрдэл, бүтэц, бүрэлдэхүүн;

     

    57.1.3.байгалийн бүс, бүслүүр, экосистемийн олон янз байдлын төлөөллийг илэрхийлэхүйц газруудад товлон тогтоосон судалгааны дээж талбайн байршил, тоо, хэмжээ, судалгааны аргазүй;

     

    57.1.4.экосистемийн үйлчилгээний үнэ цэнийг илэрхийлэх зүйлийн тоо толгой, тархац, нягтшил, тэдгээрийн хөдлөлзүй;

     

    57.1.5.ургамлын зүйлийн бүрдэл, ургамалжилд зонхилогчийн төлөв байдал, тусгаг бүрхэц, биомасс, тэдгээрийн хөдлөлзүй;

     

    57.1.6.биологийн олон янз байдалд учирч буй бэрхшээл, аюул заналын төрөл, хэлбэр, нөлөөлөх эрчим, түүнийг сааруулах, бууруулах арга зүй;

     

    57.1.7.биологийн олон янз байдалд учирч буй халдварт, халдвар бус өвчин, түүний гарах, тархах, дэгдэх мөчлөг, хохирлын хэмжээ, авсан арга хэмжээний тухай;

     

    57.1.8.биологийн олон янз байдлыг хохироож буй хууль бус ан, түүний тоо, тохиолдол, учруулсан хохирол, тавьсан торгууль, шийтгэвэр, түүний биелэлтийн гүйцэтгэл.

     

    58 дугаар зүйл.Төрийн хяналт

     

     58.1.Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль тогтоомжийн биелэлтэд тусгай хамгаалалттай газар нутгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, мэргэжлийн хяналтын байгууллага, хамгаалалтын захиргаа, бүх шатны Засаг дарга эрх хэмжээнийхээ хүрээнд хяналт тавина.

     

    58.2.Зохих зөвшөөрөлгүйгээр тусгай хамгаалалттай газар нутаг дээр барилга байгууламж барьсан, эсхүл бусад хэлбэрээр түүнийг дур мэдэн эзэмшсэн бол тусгай хамгаалалттай газар нутгийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн уг газрыг чөлөөлөх тухай хугацаатай мэдэгдэл өгнө.

     

    58.3.Мэдэгдэлд заасан хугацаанд тусгай хамгаалалттай газар нутгийг чөлөөлөөгүй бол тусгай хамгаалалттай газар нутгийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн уг газрыг албадан чөлөөлөх арга хэмжээ авч, холбогдох зардлыг гэм буруутай этгээдээс гаргуулна.

     

    58.4.Байгаль орчны хяналтын улсын байцаагчид тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль тогтоомжийн биелэлтэд хяналт тавьж, зөрчигчдөд эрх хэмжээнийхээ хүрээнд хариуцлага хүлээлгэнэ.

     

    59 дүгээр зүйл.Хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлага

     

    59.1.Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

     

    59.2.Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

     

     

     

    ГАРЫН ҮСЭГ