Мэдээ мэдээлэл
БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЙДЫН НЭРЭМЖИТ “ШИЛДЭГ БАЙГАЛЬ ХАМГААЛАГЧ” ШАЛГАРУУЛЛАА БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЙДЫН НЭРЭМЖИТ “ШИЛДЭГ БАЙГАЛЬ ХАМГААЛАГЧ” ШАЛГАРУУЛЛАА
 
Байгаль орчин, аялал жуулчлалын Сайдын нэрэмжит “Шилдэг байгаль хамгаалагч” шалгаруулах ажил, мэргэжлийн уралдааныг Монгол Улсын хэмжээнд зарлаж шилдэг байгаль хамгаалагчаа тодрууллаа. Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас баталсан удирдамжийн хүрээнд Монгол орны өнцөг булан бүрд албан үүрэг гүйцэтгэж буй байгаль хамгаалагч нарыг оролцуулан бүтэн жилийн хугацаанд аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар болон Улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны байгаль хамгаалагчдийг нийт 7 шалгуур үзүүлэлтүүдийн дагуу материал ирүүлснийг үнэлэн шалгаруулав.
Салбарын хэмжээнд үүрэг гүйцэтгэж буй байгаль хамгаалагчдын ур чадвар, шинэлэг санаачилга, технологийн шийдлийг хэрхэн ашигласан, мониторинг судалгаа, зөрчлийг таслан зогсоосон байдал зэрэг шалгуур үзүүлэлтийг хангасан байдлыг Төрийн нарийн бичгийн даргаар ахлуулсан ажлын хэсэг хянаж үнэлсэн.
Байгаль орчны салбарын хүний нөөцийг бэхжүүлэх, байгаль хамгаалагчдын ажлын ур чадварыг дээшлүүлэх, үйл ажиллагааг идэвхжүүлэх, туршлага солилцох боломжийг бүрдүүлэн дэмжих зорилго бүхий тус уралдаанд аймаг, нийслэлийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын байгаль хамгаалагчид, улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргааны байгаль хамгаалагчид оролцсон бөгөөд шалгуур үзүүлэлт хангаж материалаа ирүүлсэн 20 байгаль хамгаалагчаас
🥇Нэгдүгээр байрт 89 оноогоор Улаан тайгын Улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны байгаль хамгаалагч Т.Отгонбаяр,
 
🥈Хоёрдугаар байрт 86 оноогоор Сүхбаатар аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын байгаль хамгаалагч З.Гэрэлчимэг,
 
 
 
🥉Гуравдугаар байрт 81 оноогоор Говийн Их Дархан цаазат газрын "А" хэсгийн хамгаалалтын захиргааны байгаль хамгаалагч Б.Ганзориг шалгарсан бол
 
🏅Тусгай байрт 80 оноогоор Хөвсгөл аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын байгаль хамгаалагч Ч.Хөхрий шалгарав.
 
 
Ажил мэргэжлээрээ манлайлан шалгарсан Байгаль хамгаалагч нарыг “Шилдэг байгаль хамгаалагч” өргөмжлөл, мөнгөн шагналаар урамшуулж, Олон улсад зохион байгуулах байгаль хамгаалах чуулга, арга хэмжээнд оролцох эрхийг олгож байгаагаараа онцлог юм.